Хог хаягдал (ангилал ба тодорхойлолт)

Нийтлэгдсэн огноо: 2014/10/23

      

 

 

 

 

 

 

Монгол улсын хэмжээнд зөвшөөрөлтэй 426 төвлөрсөн хогийн цэг, нийт 11.798 мянган га талбайг хамарч байна.

 

2012 оны байдлаар жилд дунджаар 1.1 сая тонн хог хаягдал гарч байгаагаас 500-550 мянган тонн буюу тэн хагас нь Улаанбаатар хотоос гарчээ.

 

Нийслэлд өдөрт 246 тонн, жилд 90 шахам мянган тонн хог хаягдал зөвшөөрөлгүй газарт хаягдаж байна.

 

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны тооцоолсноор Улаанбаатар хотоос өвлийн улирлалд өдөрт дунджаар 1237.2 тонн хог хаягдал бий болдог.

 

Үүнээс 145.7 тонн хог хаягдлыг орон сууцанд амьдарч буй айл өрхүүд “үйлдвэрлэдэг” бол гэр хорооллын айл өрхүүдээс 690.8 тонн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас 159.9 тонн хог хаягдал гардаг.

 

Нарангийн энгэр, Улаан чулуут, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2000-2500 тонн ахуйн хаягдлыг хүлээн авч ландфил технологиор дарж устгадаг.

 

Та бүхэнд бидний өдөрт тутам үйлдвэрлэж буй их тооны хог хаягдал гэж юу болох, түүнийг хэрхэн ангилдаг талаар товч танилцуулъя.

 

Хог хаягдлыг дараах байдлаар тодорхойлж ангилсан байдаг. Үүнд:

  • - “Хог хаягдал” гэж хэрэглэгдэхгүй болсон эд юмсыг
  • - “Ахуйн хог хаягдал” гэж айл өрхөөс гарах хог хаягдал болон түүнтэй найрлага, бүтцийн хувьд ижил хог хаягдлыг
  • - “Аюултай хог хаягдал” гэж хүн, амьтан, ургамлыг өвчлүүлэх, гэмтээх, тэдгээрийн үр удамд хор хөнөөл учруулах болон байгаль орчны хэвийн төлөв байдалд сөрөг нөлөөтэй хортой, идэмхий, исэлдүүлэгч, шатамхай, дэлбэрэх аюултай, цацраг идэвхтэй, халдвартай шинж чанартай хатуу, шингэн, хийн хэлбэрийн хог хаягдлыг

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 94 дүгээр тогтоол. Барилгын хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт хүргэх журамд Барилгын хог хаягдал гэж барилгын суурийн шороо, барилга барих, засварлах, буулгах үед гарах бүх хог хаягдал, автозам барих, засварлахад үүссэн хог хаягдал, явган хүний зам талбай, ногоон байгууламжийн тохижилтын ажил, инженерийн шугам сүлжээний ажлын үед гарах хог хаягдал, орон сууц, гэр хорооллын айл өрхийн байшингийн засвараас гарах хог хаягдал, барилгын материалын худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлээс гарах хог хаягдлыг хэлнэ.

 

Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаал. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах зааварт

Эрүүл мэндийн байгууллагын тусгай хог хаягдал гэж оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний явцад ялгарах хүн, амьтны бие, эрхтэн, эд, хэсэг, бичил биетийн өсгөвөр, хор, цус, бусад шингэн, ялгадас, эм, эмийн бүтээгдэхүүн; био бэлдмэл, зүү; тариур ирмэгтэй багаж хэрэгсэл, химийн болон цацраг идэвхт бодис зэрэг эрүүл мэндийн байгууллагын хаягдлын хэсгийг хэлнэ.

 

НИТХ-аас баталсан Хог хаягдлын ангилан ялгаж хаях тухай журамд “Бусад хог хаягдал” гэж аливаа хогноос дахин ашиглах боломжтой хог хаягдлын хэсгийг зайлуулахад үлдсэн ахуйн хог хаягдлын хэсгийг хэлнэ.

 

“Бусад хог хаягдал”-д аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал, цахилгаан барааны хаягдал ба эмнэлгийн хог хаягдал орохгүй болно.

Бусад хог хаягдал

  • - Нүүрсний үнс

  • - Түргэн муудах хоол, хүнсний хаягдал

  • - Ариун цэврийн хэрэглэлийн хаягдал

  • - Дахин ашиглагдах хог хаягдлын ангилалд ороогүй бусад хог хаягдал

 

Ахуйн аюултай хог хаягдал гэдэг нь айл өрхөд үүссэн, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул учруулж буй болон учруулах боломжтой хог хаягдлыг хэлнэ. Ахуйн аюултай хог хаягдалд дараах хог хаягдлыг хамруулна.

  • - Будаг, уусгагч бодис

  • - Өөрөө явагч тээврийн хэрэгслээс үүсэх хаягдал (ашигласан тос, масло, үл хөлдөх шингэн, дугуй)

  • - Хортон шавьж, мэрэгчдийг устгах хор

  • - Мөнгөн ус агуулсан хаягдал (термометр, мөнгөн ус ашиглагдсан унтраалга-залгуурын төхөөрөмж, өдрийн гэрэл, энэ төрлийн гэрэлтүүлгийн хэрэгсэл)

  • - Электрон барааны хаягдал (PC, телевизор, гар утас)

  • - Аэрозол буюу шүршигч савтай бүтээгдэхүүний хаягдал (пропан цилиндр)

  • - Түлэгч, идэмхий бодисууд (цэвэрлэгээний бодис)

  • - Хөргөгч бодис агуулсан гэр ахуйн бараа

  • - Зарим тусгай батерей (литиум, никель кадмум, электрон цагны зай)

  • - Дарь

  • - Радио идэвхит хаягдал (утаа мэдрэгч)

 

Төрийн хэлний зөвлөлийн 2013 оны 3 сарын 28-ний өдрийн 02 дугаар тогтоолд  Хог хаягдлын менежмент, байгаль орчныг хамгаалах хүрээнд олон улсад хэрэглэгдэж буй англи хэлний “recycling, recycle” гэдэг үгийг монгол хэлний “дахивар” гэдэг үгээр орчуулан тогтоосугай. “Дахивар” гэдэг үгээр дахин ашиглах боломжтой хаягдал бараа, баглаа боодол, түүхий эд, бодисын зүйлийг нэрлэж байхыг зөвшөөрсүгэй хэмээн тодорхойлсон байна.

 

Дахин ашиглагдах боломжтой хог хаягдал буюу “дахивар”

  • - Цаас сонин, сэтгүүл, дэвтэр, бичгийн цаас,төрөл бүрийн боодлын цаас,картон цаас,сүү, жүүсний тетропак савалгаа

  • - Хуванцар төрөл бүрийн ус,ундааны хуванцар сав, кетчуп, ургамлын тос, бие угаагч шингэн, шампунь, угаалгын шингэний хуванцар сав,

  • - Хөнгөн цагаан, метал, зэс,гууль төрөл бүрийн хөнгөн цагаан ,метал,зэс,гууль сав

  • - Шил хүнсний болон ундааны төрөл бүрийн шилэн сав

  • - Модон эдлэлийн хаягдал

  • - Гялгар уут, хуванцар сав баглаа боодол

Facebook Twitter YouTube