Дусал усны үнэ цэнэ

Нийтлэгдсэн огноо: 2014/10/23

 

Дэлхийн усны өдөр тун удахгүй тохиох гэж байна. Тэгвэл энэ өдрийн өмнө дэлхий дахин дусал усны үнэ цэнийн талаар бодож үзэх цаг хэдийнэ иржээ. Учир нь 2020 он гэхэд дэлхийн долоон тэрбум хүний 47 хувь нь цэвэр усны хүрэлцээгvй нөхцөлд амьдарна гэсэн тооцоо гарсан байна. Харин манай улсын тухайд цэвэр усны нөөц багатай орнуудын тоонд ордог. Монгол орны усны нийт нөөц нь дэлхийн усны нөөцийн 0,00004 хувийг эзэлдэг.

 

Манай усны нөөцийн 69,2 хувь нь  гадаргуун урсац байхгүй мөнх цаст мөсөн голоос эх авч байгаа. Сүүлийн жилүүдэд уул уурхай идэвхтэй хөгжих болсноор манай орон гүний усаа маш ихээр ашигладаг болсон. Мөн газрын гадаргын ус ихэнх нь ширгэж, дундарч байгаатай ч энэ нь салшгүй холбоотой. Ер нь манай улс цэвэр усаа хамгийн хямд буюу  үнэгүй  хэрэглэдэг гэж хэлж болохоор  цөөхөн орны нэг.

 

Улаанбаатарын усны хэрэглээний 48 хувийг унд ахуйд, 28 хувийг эрчим хүч, 10 хувийг хүнд болон хөнгөн үйлдвэрт ашиглаж байна гэсэн тооцоо бий. Тэгвэл унд ахуйд хэрэглэж буй 48 хувийн хэдийг нь бид өглөө шүдээ угаахдаа, усанд орохдоо үргүй зарцуулж байгаа бол. Орон сууцанд амьдарч байгаа нэг хүн хоногт 230 литр ус, гэр хорооллын айл өрхүүд өдөрт дунджаар 25-60 литр ус хэрэглэдэг байна. Ингээд бодохоор “Ус чандмань эрдэнэ” гэлцдэг монголчууд усаа төдийлөн хайрладаггүй аж.

 

Бид усны хэрэглээнийхээ мөнгийг цаг тухайд нь төлдөг ч энэ нь зөвхөн зөөвөрлөх зардал гэж үзэх нь бий. Тэгэхээр бид усыг үнэгүй ашигладаг гэсэн үг. Тиймээс усны хэрэглээг багасгах, зохистой болгохын тулд үнийг нь нэмэх нь зөв. Яагаад гэвэл, “Ус, эх болсон байгалиа хамгаалъя.

 

Экологийн тэнцвэрт байдал алдагдлаа” гэвэл үүнд санаа тавих хүн ховор. Тиймээс магадгүй эдийн засгийн нүдээр хараад үзэх хэрэгтэй. Мөнгөө төлчихсөн юм чинь усыг дураараа хэрэглэнэ гэх биш энэ усанд би мөнгө төлж байгаа учраас зөв ашиглах ёстой гэсэн сэтгэхүй суувал усаа зөв ашиглана. Ингэснээр мөнгөнд хэмнэлттэй, эдийн засагт ч үр өгөөжтэй. Хэрэглээний усыг энэ мэтээр зохицуулж болох. Харин усны нөөцийг яах вэ гэдэг асуудал тулгарна.

 

Өдгөө дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс болж мөнх цас хайлж, гол мөрөн ширгэн цэнгэг усны эх үүсвэр багассаар байгаа. “Одоогийн усны менежмент зөвхөн "цэнхэр ус" буюу гол мөрөн, газрын гүний усанд анхаарлаа хандуулж байна” гэж Швед, Германы хамтарсан эрдэмтдийн баг мэдэгдсэн байдаг. Харин шинэ дүн шинжилгээгээр "ногоон ус" гэсэн нэр томъёо нэмж оруулж буй. Энэ нь борооны уснаас газрын гадаргуунд тогтсон ус юм.

 

Дээрх судалгаа шинжилгээг хийсэн эрдэмтэд “Хэрэв ногоон усыг анхааралдаа авч, зохион байгуулалттай ажиллавал усны хомсдолтой олон орнууд хүн амдаа хангалттай хоол хүнс үйлдвэрлэх боломжтой гэдгийг бидний дүн шинжилгээ харуулж байна” гэсэн. Энэ нь манай орны хувьд хэрэгжих боломжтой хувилбар. Учир нь манай улсад зун, намартаа бороо их ордог. Тиймээс судалгаа шинжилгээний баг өрнүүлж, ногоон усыг ашиглавал жилийн дөрвөн улирлын хоёрт усны асуудалд санаа зовохгүй байж болох юм.

 

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар идэвхтэй хөгжиж буйн хэрээр усны нөөцөд ч мөн нөлөөлөх болсон. Энэ салбар улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа ч ус буруу ашиглах, нөхөн сэргээлт хийхгүй байх зэргээс хамаарч, усны нөөцийг багасгаж, ойг устгах нөлөөлөхүйц хэмжээнд байгаа.  Уул уурхайн салбарынхан хямд ус хэрэглэж байгаа тухай их яригддаг.  Учир нь уул уурхайн томоохон төслийн усны хэрэгцээг одоохондоо гүний усаар хангаж байгаа. “Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй журмаар уул уурхайн компаниудын ус ашигласны төлбөр гэр хорооллын иргэдийн төлж байгаагаас зургаа дахин хямд” байгааг салбарын сайд нэгэнтээ дурдсан.  Уул уурхайнхан гадаргын ус ашиглахдаа нэг м.кубэд 100 төгрөг, газрын гүний усыг нэг м.кубэд 150 төгрөг төлдөг байна. Өөрөөр хэлбэл 1 литр усыг уул уурхайнхан 15 мөнгөөр авдаг гэсэн үг. Тэгэхээр энэ үнэлгээг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй хэрэгтэй.

 

Уул уурхайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй газруудад ундны цэвэр ус өртөг өндөртэй байгаа тухай байнга ярьдаг. Тэгвэл үйлдвэрлэлд хэрэглэх усаар дамжуулан үүнийг шийдвэрлэх боломжтой. Тодруулбал, гүний худаг гаргахдаа давхар ус цэвэрлэх байгууламжийг шийдээд өгчихвөл анхнаасаа асуудал цэгцтэй байх бүрэн боломжтой. Усны газраас одоогийн төлөвлөгдөж байгаагаар гүний усыг ашиглабал 2018-2020 он гэхэд өмнөд бүсийн уул уурхайн компанийг усаар хангах боломжгүй болно гэж мэдэгдсэн.

 

2020 он гэдэг урт хугацаа биш. Зургаахан жилийн дараа гэхэд өмнөд бүс маань ус хангамжгүй болно гэсэн үг. “Одоогоор манайх ойролцоогоор 600 км.куб усны нөөц илрүүлээд байгаа. Дээрх  600 куб метр уснаас 36 масс километр, 34,6 куб километр усыг ашиглаж болно гэсэн боломжит хэмжээ бий Гэвч энэ нь 1975-1980 оны суурь судалгаа. Тэр 600 м.куб нөөцийн эцсийн хэмжээ биш гэсэн үг. Магадгүй  усны өөр ордууд цөөнгүй  байхыг үгүйсгэхгүй” гэж эрдэмтэд хэлдэг. Тиймээс нэн даруй усны нөөцийн шинэ судалгаа хийх хэрэгтэй юм. Манай улс жил бүр малаа тоолдог хэрнээ 3 сая хүрэхгүй хүнээ тоолж чаддаггүй.

 

Үүнтэй адил усныхаа нөөцийг ч бас шинэчилж чадаагүй л байна. Тиймээс эхний ээлжинд энэ мэт асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Үүний дараа мэдээж гүний худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах, байгаль орчны нөхөн сэргээлт хийж томоохон голууд, цэвэр усны эх үүсвэрийг хамгаалах цогц бодлого хэрэгжүүлбэл үр дүнгээ өгнө. Ингэснээр дан ганц ус биш байгаль экологи ч сэргэх сайн талтай. Эзгүй цөлд олон хоног төөрсөн үедээ биш эрх дураараа усыг урсгаж байх үедээ “дусал усны үнэ цэн”-ийг ойлгох сэтгэхүйг хүн бүрийн зүрхэнд, тархинд шингээж чадвал “Ус чандмань эрдэнэ” гэдэг үг жинхэнээсээ биеллээ олох биз ээ. Ингэж гэмээ нь усны хомсдол хаалга тогших мөч хэдэн алхам ч гэсэн ухрах юм.

 

П.Буян-Эрдэнэ

Facebook Twitter YouTube