Мэдээ, мэдээлэл

АЖЛЫН ХЭСГИЙН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААНААР ГҮЙЦЭТГЭЛИЙН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Нийтлэгдсэн огноо: 2021/06/21

   Байгаль орчин, аялал жуулчлалын сайд бөгөөд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны даргын А/10 тушаалаар байуулагдсан ажлын явц болон гүйцэтгэлийг үнэлж дүгнэн, хүлээн авах үүрэг бүхий Ажлын хэсэг 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хуралдлаа.

   Ээлжит хуралдаанаар агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчныг хамгаалах журамт үүргийг таниулахад чиглэсэн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах, бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдийг хөгжүүлэх замаар агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийт 6 аймаг болон Хустайн цогцолборт газар” төв ТББ-ын  хийсэн ажлуудын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт гарган ажиллалаа.

         Аймаг тус бүр бүрт хийсэн ажлаас товчилон хүргэхэд:

    Тус ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Байгаль орчны газрын зүгээс “Болд суврага” ХХК-тай гэрээ байгуулан, хог хаягдлыг ангилан ялгах 14 ширхэг хогийн савыг хийж гүйцэтгэн, байршуулсан байна. Мөн ,Хонгорын дугуйчид унадаг дугуйн холбоо, НҮТББ нь “Оготнотой  булаг” дээр дугуйн зогсоол, ариун цэврийн байгууламж сүүдрэвч, “Самбартай хөтөл” дээр сүүдрэвч, машины зогсоол, ариун цэврийн байгууламж барьж ашиглалтад оруулсан байна.

    Говь-Алтай аймгийн Байгаль орчны газрын зүгээс Есөнбулаг сумын Бичигт багийн төвлөрсөн хогийн цэгийн нийт 500га талбайн 200тн хур хог хаягдлыг 150 иргэдийн тусламжтайгаар дарж булшлах аргаар цэвэрлэсэн. Мөн Есөнбулаг сумын Бичигт багийн төвлөрсөн хогийн цэгийн нийт 21600м2 талбайн хог хаягдлыг Алтай хотын тохижилт үйлчилгээний газартай хамтран түрж тэгшлэн шинээр 5 хог хаягдлын талбайг бий болгосон. Говь-Алтай аймгийн хэмжээнд агаар бохирдуулах эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлийг чанартай зохион байгуулж, үнэн зөв мэдээллийн сан бүрдүүлэх, бодит мэдээ мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор тооллогыг хийсэн бөгөөд агаар бохирдуулах суурин эх үүсвэрийн хувьд буурсан үзүүлэлттэй байна.

    Говьсүмбэр аймгийн хэмжээнд төвлөрсөн хогийн цэгийн талбайг ухаж, өргөтгөх, хамгаалалтын торон хашааг 100м нэмж суурилуулах болон ашиглалтыг сайжруулж орц гарцыг нэмэгдүүлэн, 2,4га талбайн хур хог хаягдлыг түрэн тэгшилж, 3,7га талбайг ландфилл технологийн дагуу булшилж, барилгын суурины 4800м3 хог хаягдлыг зөөж, хогийн төвлөрсөн цэгт тээвэрлэн хүргэх ажлыг гүйцэтгэсэн байна.

    Өвөрхангай аймгийн Байгаль орчны газар 5 байрлалд зориулалтын цэгт хог хаяхыг уриалсан самбарыг байршуулж, Арвайхээрийн сумын хогийн цэгийг хашаажуулж, тохижуулсан байна. Мөн цэвэрлэх байгууламжийн лаг хаягдал, малын сэг зэмийг булшлах ажлыг гүйцэтгэн төвлөрсөн хогийн цэгийн хойд хэсгээр улиас мод тарьсан байна. Хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд АО.301 чиглэлийн улсын чанартай авто зам дагуух хог хаягдлыг Элсэн тасархай – Хархорин - Хужирт, Элсэн тасархай – Арвайхээр - Баянхонгор чиглэлд “Өвөрхангай АЗЗА”, Хархорин АЗЗА, Нарийнтээл, Хайрхан дулаан, Тарагт, Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан сумдын ЗДТГ-тай хамтран 160 гаруй иргэдийг хамруулж 100 орчим тонн хог хаягдыг түрж цэвэрлэсэн байна.

    Сэлэнгэ аймгийн хувьд Сүхбаатар сумын хэмжээнд зориулалтын бус газар үүссэн хур хогтой газруудыг цэвэрлэн, ахуйн ангилсан хог хаягдлыг авч хоёрдогч түүхий эд авдаг цэг рүү нийлүүлж, хог хаягдлыг ангилан ялгах, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хог хаягдлыг ангилсанаар иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд гарах үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлсэн байна. Мөн хог хаягдлыг төвлөрүүлж, эзэнгүй зам дагуу 20000м2 талбайг цэвэрлэхэд 274 аж ахуйн нэгж, 2068 иргэдийг хамруулж 122тн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

    Ховд аймгийн төвийн Жаргалант сумын Бичигт багийн төвлөрсөн хогийн цэгийн нийт 278га талбайн нийт 78 машин хог хаягдлыг техникийн аргаар түрж, дарж булшлах аргаар цэвэрлэсэн. “Ажнай сүрэг” ХХК-тай гэрээ байгуулж аймгийн төвийг тойрсон 30га талбайн хур хог хаягдлыг цэвэрлүүлсэн бөгөөд Ховд аймгийн баруун талд байрлах 2,8км үерийн далангийн хог хаягдал, Залуус хороолол, Дулааны 2 дугаар станцын дээд тал, Ховд нисэх буудлын урд талуудын хур хог хаягдлыг нийт 12 хүнийг ажилуулан цэвэрлүүлж хогийн нэгдсэн цэгт хүргэсэн байна. Мөн Ховд аймгийн Хот тохижилтын газарт 2 ширхэг зөөврийн хогийн функер хүлээлгэн өгч, Буянт голын зуслангийн айлуудаас гарсан хог хаягдлыг татан зайлуулах, орон сууцны хорооллын хог хаягдлыг зөөвөрлөх ажлууд амжилттай хэрэгжсэн байна. Түүнчлэн Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Өгөөмөр хайр чуулган” шашны байгууллагатай хамтран 9 овооны хадаг, бусад хог хаягдлыг цэвэрлэж зайлуулах ажлыг зохион байгуулсан бөгөөд “Тарвагатайн бэлчир” ХХК-тай хамтран хог ангилан ялгах савуудыг байршуулснаар хуванцар хог хаягдлын хэмжээ багасч, пресслэх төхөөрөмжид нийлүүлэх ажлыг “Аз жаргалын булаг” ХХК гүйцэтгэсэн байна.

    Агаар, орчны бохирдлын эх үүсвэр, хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийтэд бодитой мэдээлэл өгч, зөв дадал хэвшилд сургах, иргэний байгаль орчныг хамгаалах журамт үүргийг таниулахад чиглэсэн сургалт,сурталчилгааны ажлыг зохион байгуулах ажлын хүрээнд “Хустайн цогцолборт газар” төв ТББ нь Хустайн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн хог хаягдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх талаар малчдын 33 бүлгийн ахлагч, 15 идэвхтэн байгаль хамгаалагч, 10 ажилтан, нийт 58 хүн оролцсон уламжлалт малчдын хурлаар хог хаягдлыг бууруулах талаар идэвхтэй ажилладаг “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч М.Бүжинлхамаар хог хаягдлын аюулын талаар сургалт-лекц уншуулж, иргэд олон нийтийг мэдлэг мэдээллээр хангасан байна. Мөн Хустайн БЦГ-ын орчны бүсийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын Ерөнхий боловсролын дунд сургуулиудын дунд хаягдал батерей цуглуулах уралдааныг зохион байгуулж дүгнэсэн. Уралдааны үр дүнд нийт төрөл бүрийн 5321 ширхэг хаягдал батерей цуглуулж, тэр хэмжээгээр хөрсөнд шингэх байсан хүнд металлын бохирдлоос урьдчилан сэргийлж чадсан нь талархууштай ажил болсон. Түүнчлэн Хустайн БЦГ-т хог хаягдлыг ангилан ялгах зориулалт бүхий хогны цэг байгуулах ажлын хүрээнд 240 литрийн багтаамжтай сайн чанарын хуванцар хогийн сав 6 ширхэгийг суурилуулан ашиглаж байна.

                                                                                         ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ  АЖЛЫН АЛБА

 

Facebook Twitter YouTube