Мэдээ, мэдээлэл

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Нийтлэгдсэн огноо: 2021/03/25

    Боловсрол, шинжлэх ухааны яам болон  Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагийн санаачилгаар сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн асуудал болон сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах арга хэмжээний талаарх уулзалт 2021 оны гуравдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдав.

      Энэхүү уулзалтанд УИХ-ын эмэгтэй гишүүд болон БОАЖЯ, БХБЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны удирдлагууд оролцож, нийслэл төдийгүй орон нутаг дахь сургууль цэцэрлэгийн дотуур байрны ариун цэврийн байгууламжид эко жорлонгийн зөв шийдэл гаргах асуудлаар санал бодлоо солилцлоо.

     Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас захиалан нийтийн ариун цэврийн байгууламжид ашиглах боломжтой  гурван төрлийн жишиг зураг төсөл боловсруулан батлуулаад байна.

     Мөн сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг суурилуулан шингэн лагийг соруулан авч шатааснаар бий болох дулааныг уурын турбин руу шахаж, цагт 150 киловатт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой иж бүрэн өөрийгөө тэжээх механизм бүхий цэвэр технологийн үйлдвэрийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү эрчим хүчний үйлдвэрлэл нь цагт 450 кг буюу өдөрт 10,8 тн лагийг шатаах хүчин чадалтай байх юм.

    Эрдэмтдийн судалгаагаар Ковид-19 вирус хүний ялгадсанд удаан хугацаагаар амьдрах чадвартай болохыг тогтоосон бөгөөд сургууль, цэцэрлэгүүдэд эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламж суурилуулснаар хөрс, усны болоод орчны бохирдол, иргэд, хүүхэд багачуудын дунд халдварт өвчнийг бууруулахад ихээхэн ач холбогдолтой ба эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдийг бүрдүүлэх боломжийг олгож байгаагаар давуу талтай  аж.

                                             

                                                           ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                                 ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 

 

 

 

 

 

 

Facebook Twitter YouTube