Нийтлэгдсэн огноо: 2014/10/01
Даваа гараг бүрт хийгддэг Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-т БОНХ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Оюун оролцсон юм. Тэрбээр 2013 оны 12 дугаар сард нэмэлт өөрчлөлт оруулсан “Агаарын тухай Монгол Улсын хууль”-иар Ерөнхий сайдын дэргэд ажиллах болсон Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт, Улаанбаатар хотын БОНХ-ийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатарын Агаарын бохирдлыг бууруулах төслийн зохицууулагч Н.Энхболд нарын хамт мэдээлэл хийсэн юм. Энэ талаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгөх даалгаврыг Ерөнхий сайдаас авснаа С.Оюун сайд тайлбарласан. Мэдээллийн дараа сайдаас доорх тодруулгыг авлаа.
-Ерөнхий сайдын дэргэд ажиллаж байгаа Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо агаарын чанар, байдалд ямар аргаар хяналт тавьдаг юм бэ?
-Агаарын чанарын мэдээг ард иргэдэд нээлттэй ил тод байлгах, төрийн болон олон нийтийн байгууллагуудыг мэдээллийн эх үүсвэрийн нэгдсэн сантай болгох зорилгоор “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем”-ийг нэвтрүүлэх нь Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны гол ажлуудын нэг юм. Энэ системийн зорилго нь агаарын чанарын мэдээллийг вэб сайт, гар утсаар дамжуулан иргэдэд түргэн шуурхай хүргэхэд оршино. Түүнчлэн LED дэлгэцээр дамжуулан Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгт агаарын чанарын мэдээг олон нийтэд энгийн ойлгомжтой байдлаар удахгүй мэдээлж эхэлнэ.
-Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахын тулд сүүлийн гурван жилд багагүй хөрөнгө, хүч зарцуулан ихээхэн анхаарал тавьж байгаа. Гэвч “Цэвэр агаар сан”-гийн хуучин удирдлагуудаас эхлээд энэ ажилд хүйтэн сэтгэлээр хандаж, ихээхэн хөрөнгө мөнгө шамшигдуулсан нь тогтоогдсон. Ер нь энэ ажилд ахиц, дэвшил гарч байна уу?
-Монголчууд “Чамлахаар чанга атга” гэж ярьдаг. Улаанбаатарын агаарын бохирдлыг ганцхан далайлтаар шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Ихээхэн хөрөнгө зарж, хүч хаяж байгаагийн үр дүнд зохих ахиц, дэвшил гарч байгаа.
Харин MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад сүүлийн гурван жилийн хүйтний улирлын дундаж агууламж нь 2-2.8 дахин их байгаа. Уг нь энэ үзүүлэлт дөрөв дахин их байсныг бодвол Улаанбаатарын агаарын чанар бага ч гэсэн сайжирч л байна.
Ер нь агаарт байгаа нарийн ширхэгтэй тоосонцор, азот, хүхэрлэг хийн хэмжээгээр бохирдлыг нь тогтоодог Олон улсын аргачлал байдаг.
-Тэгвэл Улаанбаатар хотод дээрх гурван үзүүлэлт ямархуу түвшинд байдаг юм бол. Багагүй хөрөнгө гаргаж, дээр дооргүй бужигналдаж байгаа болохоор ямар ч гэсэн үр дүн гарах л ёстой доо?
-Агаар дахь нарийн ширхэгтэй тоосонцорын хэмжээний талаар сая хэлсэн. Харин Улаанбаатар хотын хүйтний улирлын агаар дахь азотын давхар ислийн тухайд 2013 оны 10-12 дугаар сар, 2014 оны 1-4 дүгээр сарын азотын давхар ислийн дундаж агууламжийг 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад 18 мкг-аар буюу 26 хувь, 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн мкг-аар буюу 7.5 хувиар тус тус бага байгаа юм.
Харин сүүлийн гурван жилийн хүйтний улирлын дундаж агууламжийг MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 1.3-1.7 дахин их байгаа. Тэгвэл хүхэрлэг хийн тухайд 2013 оны 10-12 дугаар сар, 2014 оны нэгээс дөрөвдүгээр сарын хүхэрлэг хийн дундаж агууламжийг 2012-2013 оны мөн үетэй харьцуулахад найман мкг-аар буюу 20 хувь, 2011-2012 оны мөн үетэй харьцуулахад 21 мкг-аар буюу 40 хувиар тус тус багассан байна. Харин сүүлийн гурван жилийн хүйтний улирлын дундаж агууламжийг MNS4585:2007 стандарт дахь Хүлцэх хэм хэмжээтэй харьцуулахад 1.6-2.7 дахин их байгаа юм.
-Улаанбаатарын гэр хорооллыг бууруулах зорилгоор дахин төлөвлөлт хийж, барилгажуулах ажил эрчимтэй явагдаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын гэр хороололд хэчнээн мянган айл аж төрж байгаа вэ. Гэр хорооллын зуух, яндангийн тоо эрчимтэй цөөрч чадаж байна уу?
-Улаанбаатарын гэр хорооллын айлыг багасгах чиглэлээр олон ажил хийгдэж байгааг та бүхэн харж байгаа. Гэхдээ л хөдөөнөөс Улаанбаатарыг чиглэсэн их нүүдлийг дагаад гэр хорооллын айл өрхийн тоо эрчимтэй буурахгүй байгаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын гэр хороололд 190 мянга гаруй айл өрх амьдарч, тэр хэмжээний зуухнаас утаа гарч байна. Улаанбаатарын агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын айлуудын яндангаас гарч байгаа утаа үйлдвэрлэж байгааг нарийвчилсан судалгаагаар тогтоосон.
Цахилгаан станцын яндангаас гарч байгаа утаа, тортог агаарын бохирдлын тав орчим хувийг гаргаж байгаа бол Улаанбаатарын гудамжаар чихэлдэн зорчиж байгаа 350 мянга гаруй автомашин агаарын бохирдлын 10 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Хүхэрлэг хийг үйлдвэрлэгч нь ерөөсөө л түүхий нүүрс шатааж дулаацдаг гэр хороолол юм.
-Сүүлийн хоёр жилд гэр хорооллын айлуудыг сайжруулсан зуухаар хангах гэж багагүй хүч чармайлт гаргасан. Энэ ажлын үр дүн ямархуу байгаа вэ?
-2013-2014 онд нийтдээ 45 мянган хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг Улаанбаатарын айл өрхүүдэд тараахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 29 мянга гаруй зуух хэрэглэгчдийн гар дээр очсон. Ер нь хамгийн сүүлийн тооцоогоор 157 мянган айл өрх сайжруулсан зуухтай болоод байгаа. Гэхдээ өнгөрсөн хавар, энэ зун хийсэн мониторингийн судалгаагаар дөрвөн зуух тутмын нэг нь ямар нэгэн байдлаар ашиглагдахгүй байгаа нь илэрхий болсон. Энэ нь ямар учиртай юм бэ гэвэл сайжруулсан зуух авсан иргэд зуухаа зарж байна, эвдэлж байна, ерөөсөө ашиглахгүй байгаа нь ч бий.
Ингэхээр иргэдийн энэ талын ухамсарт эргэлт гаргахгүйгээр Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах ажил төдийлэн бидний санасан хэмжээнд хүрч хэрэгжихгүй байгаа юм. Энэ намрын халаалтын улиралд 16-22 мянган өрхөд сайжруулсан зуух өгнө. Ингэснээр нийслэлд нийт 170 гаруй мянган айл, өрх сайжруулсан зуухтай болох юм.
Бид энэ ажлыг улам сайжруулах, хариуцлагын систем нэвтрүүлэхийн тулд айл болгоны сайжруулсан зуухны талаар маш нарийвчлалтай мэдээллийн сантай болж, энэ намраас хэрэгжүүлж эхлэхээр болоод байна.
-Зуухнаас гадна сайжруулсан түлшний үйлдвэр барихаар багагүй хөрөнгө, мөнгө гаргаж, ажил нь ч нэлээн дуулиантай эхэлж байснаа таг чимээгүй болчихсон. Тэр ажил ер нь юу болсон бэ. Үйлдвэр нь баригдсан уу?
-Өмнөх Засгийн газрын үед сайжруулсан түлшний үйлдвэрт зориулж багагүй төсөв, хөрөнгө гаргасан ч судалгаа, шинжилгээ муутай эхэлснээс тэр ажил удалгүй зогссон юм билээ. ОХУ-аас үйлдвэр оруулж ирэхээр болсон ч тооцоо судалгаа, үндэслэл муутай байсан болов уу.
Уг нь утаагүй түлшний үйлдвэрт зориулан түрүүчийн УИХ-аас улсын төсөвт 16 тэрбум төгрөг суулгуулсан юм. Тэгсэн ч тэр үйлдвэрийн ажил зогсчихсон. Харин одоогийн Засгийн газар сайжруулсан түлш үйлдвэрлэх сонирхолтой хувийн хэвшлийнхнийг бодлогын хувьд дэмжин ажиллаж байгаа. Хуучин шиг энэ ажилд зориулан улсаас төсөв, мөнгө гаргахгүй байхаар тогтсон.
Одоогийн байдлаар сайжруулсан түлш нийлүүлэхээр гурван аж ахуйн нэгж гэрээ байгуулсан бөгөөд 2014 онд багтаан 3-4 үйлдвэр ашиглалтад орохоор ажиллаж байгаа. Түүнчлэн зургаан аж ахуйн нэгж сайжруулсан түлш үйлдвэрлэх чиглэлээр санал ирүүлж, судалгаа түршилтын ажил нь ид хийгдэж байна.
-Өнгөрсөн жилүүдэд сайжруулсан зуух болгонд төр болон Дэлхийн банкны төслөөс багагүй хэмжээний татаас олгодог байсан юм билээ. Харин энэ жилээс энэхүү татаасыг ихээхэн бууруулж байгаа сурагтай. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Өнгөрсөн жилүүдэд сайжруулсан зуух бүрт 93 хувийн татаас олгож байсныг энэ жилээс багасгаж, 66 хувийн татаас олгохоор болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ жилээс эхлээд зуух болгонд 256 мянган төгрөгийн татаас олгохоор болсон.
Энд дурьдахад Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос дотоодын зуух үйлдвэрлэгчдийг ихээхэн дэмжих бодлого баримталж байгаа. Сайжруулсан зуухны тухайд гэр хорооллын иргэдийн ухамсар, оролцоог шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-Улаанбаатарын агаарыг бохирдуулж байгаа бас нэгэн эх үүсвэр нь хотын захын сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийн ажиллуулж байгаа нам даралтын зуухнууд байгаа. Энэ олон зуухны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан барилгажуулах, хэрэглэгчдийг төвийн дулаанд холбох ажлууд хийгдэж байгаа. Тухайлбал “Дэнжийн 1000” орчмын эхний ээлжийн хэрэглэгчдийг хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан төвийн дулаанд холбох ажил хийгдэж байна. Түүхий нүүрс түлж халаалтаа шийддэг нийслэлийн 25 хорооноос 11 хорооны барилгад сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг халаалтын системийн тоног төхөөрөмж суурилуулах ажил хийгдэж байгаа. Энэ онд багтаан хувийн болон төрийн өмчит нийт 19 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох, шинэчлэх, холбогдох стандартад нийцүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, 10 дугаар хорооны цогцолбор зэрэг байгууламжийг дулаанаар хангадаг таван уурын зуухыг зогсоож төвийн шугамд холбоно. Бага болон дунд хүчин чадлын халаалтын зуухны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг стандартын шаардлага хангахыг шаардаж, үүрэг даалгавар биелүүлээгүй тохиолдолд зуухаа шинэчлэх, утаа шүүгч, үнс баригч шинээр суурилуулах, солих зэрэг арга хэмжээ авч ажиллахыг хатуу анхааруулан ажиллаж байгаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Д.Энхтүвшин
2024/10/29
2024/10/22
2024/10/18
2019/05/16
2018/05/21
2018/05/21
2021/10/12
2021/10/12
2021/10/12
2017/01/16
2014/12/05
2014/12/05