Мэдээ, мэдээлэл

Сайжруулсан зуухны нэмэлт захиалга өнөөдрөөс эхэлнэ

Нийтлэгдсэн огноо: 2014/12/08

Сайжруулсан зуухны нэмэлт захиалга авахаар болсон байна. Энэ талаар “Улаанбаатар цэвэр агаар төсөл”-ийн захирал Н.Энхболдоос тодрууллаа.

-Одоогоор хэчнээн сайж­руулсан зуух тараагаад байна вэ. Зуух тараахаас гадна ямар ажил хийж байна?

-“Улаанбаатар цэвэр агаар төсөл” 2013 оноос үйл ажил­лагаа явуулж эхэлсэн. Тус газраас нийтдээ 29700 ширхэг сайжруулсан зуухыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт  тарааж ажилласан. Зуух тараахаас гадна  төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги, төлөвлөрсөн дулаан хангамжийн техник эдийн засгийн үндэслэл, цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа угаарын  хэмжээг хэмжих зэрэг ажлыг хийж байна.  Энэ жил “Улаанбаатар  цэвэр агаар төсөл” нэг байршлыг сонгон авч цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байгаа. Хүрээлэнг Тасганы овоонд байгуулахаар  төлөвлөөд бай­на.

-Сайжруулсан зуух тараас­наар агаарын бохирдол хэдэн хувь буурсан юм бол?

-Нийслэл хотын 70 хувь нь сайжруулсан зуухтай болсон. Одоогоор 157 мянган зуух иргэдэд хүрсэн гэсэн мэдээлэл байгаа. Гэвч иргэдийн 40 хувьд нь сайжруулсан зуух хүрээгүй. Энэ зөрчил  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Улаанбаатар  цэвэр агаарын төсөл”-тэй хамтарч хийсэн шалгалтаар  илэрсэн. Зорилтот бүлгийн 40 хувьд нь зуух хүрээгүй  тохиолдолд  нийслэлийн агаарын бохирдол хэдэн хувиар буурах вэ гэсэн асуудал урган гарна. Гэхдээ тодорхой хэмжээнд буурч байгааг үгүйсгэхгүй.  Ер нь агаарын бохирдлыг бууруулах нь  хэдхэн хүний хийх ажил биш. Нийслэлчүүдийн орол­цоо­тойгоор агаарын бохирдол буурна.

-Сайжруулсан зуухны нэ­мэлт захиалга авахаар бол­сон гэж байсан. Энэ талаар тодруулаач?

-Дүүрэг, хороодын иргэдээс сайжруулсан зуухандаа нэмэлт захилга аваач  гэсэн хүсэлт их ирж байгаа. Тиймээс манайхаас энэ сарын 8-16-ны хооронд сайжруулсан зуухандаа нэмэлт захилга авахаар болсон. Тиймээс иргэд өөрийн харьяа хороонд нэрсээ бүртгүүлж, сайжруулсан зууханд хамрагдах боломжтой.

-Нэмэлтээр хэчнээн зуух тараахаар төлөвлөөд байгаа вэ?

-Улаанбаатар цэвэр агаар төслөөс  10 мянган зуухыг энэ оноос ирэх оны халаалтын улиралд иргэдэд  түгээнэ. Иймээс иргэд хугацаандаа амжиж авах хэрэгтэй байна.

-Сайжруулсан зуухнууд дотооддоо үйлдвэрлэж бай­гаа юу. Эсвэл гаднаас оруулж ирэх үү?

-“Улаанбаатар  цэвэр агаар төсөл”-өөс үндэсний үйлд­вэрийг маш их дэмжиж бай­гаа. Энэ  хүрээнд үндэсний үйлд­вэрийн зуух хамгийн бага үнээр иргэдийн  гар дээр очиж байна. Өнгөрсөн жил 10 компани шалгаруулсан   бол энэ жил 30 компанийн 24 зуухыг шалгаруулсан. Үүнээс  найман зуух нь  тэнцсэн байгаа. Тиймээс дотоодын компаниуд сайжруулсан зуухны төсөл,  хөтөлбөрт хамрагдах эрмэл­зэл­тэй болж байгаа нь эндээс харагдаж байгаа байх.
 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, www.mminfo.mn

Сэтгүүлч Ж.Отгонмягмар

2014.12.08

Facebook Twitter YouTube