Мэдээ, мэдээлэл

“Герман, Швед, Оросууд энэ технологид асар их мөнгө зарж, агаарын бохирдлоо бууруулсан"

Нийтлэгдсэн огноо: 2014/11/28

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, БОНХЯ, ШУА-аас хамтран зохион байгуулж буй “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг "Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв"–д өнөөдөр болж байна.

Тус эрдэм шинжилгээний хурал нь:

  • - Агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх,
  • - Шинэ технологи, дэвшилтэт арга,
  • - Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал гэсэн гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд арав гаруй илтгэл тавигдлаа. 

 


ШУА-ийн доктор, дэд профессор Г.Пүрэвдорж “Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаанаар халаах боломж, хэрэгжүүлэх арга зам” илтгэлдээ гэр хорооллын өрхүүдийн дулааны асуудлыг цахилгаанаар шийдэх боломж, хэрэгжүүлэх арга замыг тодорхой тусгажээ. 

Тэрээр нийслэл хотын агаарын бохирдлыг бий болгож байгаа гэр хорооллын айл өрхүүд хямд өртгөөр, хэмнэлттэй, дулаахан амьдрах боломж нь цахилгаан халаагуур бөгөөд шуудайтай нүүрстэй өрсөлдөж чадахуйц байж чаддаг юм гэдгийг онцолсон. 

-Эрчим хүчээр дулаанаа шийдсэн айлуудад хөнгөлөлт олгож байгаа гэсэн. Тэгэхээр олон айлууд үүнийг хэрэгжүүлэх боломжтой болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлыг бууруулахын тулд дэмжлэгийн механизм хэрэгтэй. Тэр дэмжлэгийн механизмаа төр засгаас, холбогдох байгууллагуудаас зөв шийдвэрлэж, зөв арга хэмжээ авах юм бол энэ зүйл хэрэгжээд л явна.

-Таны хувьд өөрийнхөө байшин дээр жишээ татаж ярьлаа. Байшинг барихдаа анхнаас нь дулаалга сайтай, эрчим хүчний хэмнэлттэй барих хэрэгтэй юм байна?

-Ямар ч айл өөрийнхөө байшинг дулаан хэмнэлттэйгээр л барих хэрэгтэй. Үүний тулд толгойгоо жаахан л ажиллуулахад болно. Бие биенээсээ туршлага судалж, ном товхимол үзэж, зөвлөгөө авч гэх мэт. Нөгөө талаас мэргэжлийн байгууллагууд байшингийн дулаан алдагдлыг бууруулах асуудлаар ажиллах хэрэгтэй. Стандарт гаргаж, шаардлага хангасан хэрэглэгчийг дэмжих нь чухал. 

-Манай цахилгаан станцууд чадлаа хэдэн мегаваттаар нэмэгдүүлбэл Улаанбаатарын гэр хорооллууд цахилгаанаар халах боломжтой вэ?

-Миний тооцоолж байгаагаар Монголын эрчим хүчний системийн чадал 1000 мегаватт орчим байна. Үүнийг 2000 болгох, цаашлаад 3000 болгох хэрэгтэй. Тэгэж байж манай улсын эрчим хүчний системийн аюулгүй байдал хангагдана. 

Үүнийг дагаад эдийн засаг сэргэх, улс хөгжих олон сайхан үр дагавар бий. Монголчууд “Саалиа бэлдэхээс өмнө саваа бэлтгэ” гэдэг. Улсаа хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд эрчим хүчний салбарыг түрүүлэн хөгжүүлж, саяын дурдсан чадлыг яаралтай нэмэх хэрэгтэй. 

 

Хасу-Эрчим ХХК захирал, доктор Б.Бат-Эрдэнэ “Дулааны төвлөрсөн эх үүсвэрийн үр ашгийг дээшлүүлснээр бохирдлыг бууруулах” сэдвээр тавьсан илтгэлдээ агаарын бохирдлыг бууруулахад зуух болон түлшний дэвшилтэт технологи хийх нь хамгийн чухал гэж үзэж байна.

Манай улсад ажиллаж байгаа ихэнх халаалтын зуухнуудын технологи хуучирсан, зарим нэг нь төслийн бус нүүрсээр ажилладаг, угсралтын алдаа дутагдал зэргээс хамааран ашиглалтын түвшин доогуур байгаагаас болж шаталтаас ялгарах бодисууд ихээхэн нэмэгдэж байна.

Тиймээс бохирдуулах бодисуудын ялгаруулалтыг бууруулахын тулд:

  • - Зуухны галлагааг хурдан хийх арга технологи хэрэглэх, түлш ноцож, асах хугацааг богиносгох,
  • - Нүүрсний шаталтын горимыг тохируулж, түлш агаарын зохистой харьцааг сайжруулан, бүрэн шаталт явуулж, оновчтой горимоор ажиллуулж байх саналыг дэвшүүлсэн. 

Б.Бат-Эрдэнэ “Герман, Швед, Оросууд энэ технологийг хийхийн тулд асар их мөнгө зарж, агаарын бохирдлын хүндрэлийг туулсан хүмүүс. 

1974 онд намайг бага байхад Японы Токиод гудамжинд маск зараад, мөнгөөр цэвэр агаар авч амьсгалж байна гэж багш нар ярьдаг байлаа. Бид нар яг л ийм нөхцөл байдалд ирчихлээ. 

Тэр хүмүүсийн хэрэглэсэн арга бол ердөө л энэ түлшний асуудлыг шийдсэн явдал юм” гэдгийг онцоллоо.

 

 

Эх сурвалж: Ikon.mn

2014.11.27

Facebook Twitter YouTube