Мэдээ, мэдээлэл

Т.Бат-Эрдэнэ: Хийн халаагуур ойролцоогоор 60 мянган төгрөгийн үнэтэй

Нийтлэгдсэн огноо: 2014/11/21

НЗДТГ-ын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Т. Бат-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.

 

-Энэ сарын нэгнээс эхлээд хотын төвийн гэр хорооллын айлуудад шингэрүүлсэн хий, хийн халаагуур нийлүүлж эхэлсэн. Энэ төсөлд хэчнээн өрх хамрагдаж байгаа юм бол?

-Агаарын бохирдлыг бууруулахаар янз бүрийн ажил хийж байна. Үүний нэг нь энэ. Ер нь зуухыг халж байж л утаагүй болно. Өөрөөр хэлбэл, зуухны хэрэглээг бууруулж, өөр нэг эх үүсвэрээр орлуулах хэрэгтэй. Цахилгааны түгээлтийг сайжруулъя гэхээр үйлдвэрлэл нь хангалттай байж чаддаггүй. Тиймээс хийтэй харьцах, ашиглаж сурах дадал зуршлыг иргэддээ нэвтрүүлэх зорилгоор хөнгөлөлттэй үнээр шингэрүүлсэн хий, хийн халаагуур нийлүүлж эхэллээ.

Ингэхдээ салхиныхаа дээр оршдог Улаанбаатар хотын төвд ойрхон гэр хорооллуудыг сонгосон юм. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолоор Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 5000 орчим өрхөд шингэрүүлсэн хийг туршилтаар нийлүүлж байгаа.

 

-Иргэд хэдэн хувийн хөнгөлөлт эдэлж байгаа юм бол?

-“Цэвэр агаар” сангаас тусгай дэмжлэг үзүүлж, сонирхсон иргэдэд шингэрүүлсэн хий, хийн халаагуурыг хямдралтай үнээр өгч байна. Үнэ өртгийн 30 хувийг иргэн төлж байгаа. Үлдсэн 70 хувийг нь улсаас хөнгөлж байгаа юм. Иргэд ойролцоогоор 60 мянган төгрөг төлөөд хийн халаагуур авч байна.

 

-Хамгийн гол нь чанар, аюулгүй байдал чухал шүү дээ. Хийн халаагуур дэлбэрэх эрсдэлтэй биз дээ?

-Манай хэрэглээнд хий төдийлөн нэвтрээгүй. Тийм учраас иргэд маань дандаа буруу зуршлаар хандаж, хамгийн хялбар гэсэн аргаар хэрэглэдэг. Тухайлбал, баллон, плитка хоёрын хооронд хий дамжуулдаг хоолой бий. Тэр хоолой нь дундаа аюулгүй ажиллагааны автомат төхөөрөмжтэй.

Монгол хүн түүнийг нь хэрэглэдэггүй. Шууд холбочихдог. Ингэхээр хий хэмжээ хязгааргүй цацагдцаг. Гэтэл хий зохих хэмжээгээр цацагдах ёстой. Илүүдсэн, дутуудсан хий гадагш цацагдсанаар аюул үүсгэдэг. Хий нийлүүлж буй компаниудын тоног төхөөрөмж аюулгүй байдлыг хангасан байгаа. Автомат мэдрэгчтэй учраас аюултай нөхцөлд унтарч асахгүй. Ийм тохиолдолд хэрэглэгч дур мэдэн хамаагүй оролдож, монголчилж болохгүй. Тухайн хийг нийлүүлэгч компанидаа хандах учиртай.

 

-Ямар компаниуд хий нийлүүлэх эрх авсан юм бол?

-“Дашваанжил”, “Юни газ”, “Гор газ” зэрэг гурван компани хэрэглэгчдэд шингэрүүлсэн хий, хийн халаагуур нийлүүлж байгаа. Одоогоор эдгээр компани хоёр тэрбум 250 сая төгрөг, “Цэвэр агаар” сан 445 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Компаниуд тендер болон өөрсдийн санхүүжилтээр агуулахын багтаамжаа 2200 шоо метр буюу 1100 тонноор нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Төсөл хэрэгжиж дуусахад хийн агуулахын багтаамж 5000 шоо метр болно.

 

 

Зууны мэдээ сонин

Г.Ганчимэг

2014.11.10

Facebook Twitter YouTube