News

ТУУЛ ГОЛ ДАГУУХ АЙЛ ӨРХҮҮДЭД ЭКОЛОГИД ЭЭЛТЭЙ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СУУРИЛУУЛАВ

Published date: 2021/06/29

      Хөрсний бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын  ариун цэврийн байгууламж байдаг учраас эрүүл мэндэд ч хохирол учруулж халдварт өвчин дэгдээх суурь нөхцөл болдог. Гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлын хүрээнд хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамаарагдах Туул голын сав дагуух дахин төлөвлөлтөд ороогүй айл өрхүүдэд нэвчилтгүй ариун цэврийн байгууламж суурилуулж хэрэглээндээ нэвтрүүлж эхлээд байна. Өнгөрсөн онд гэр хорооллын нүхэн жорлонг шинэчлэх ажлын гүйцэтгэгчээр “Хэмжил зүй” ХХК  шалгарч БОАЖЯ-тай  гэрээ байгуулан  нийт 1000 өрхөд ариун цэврийн байгууламжийг суурилуулахаар ажлаа эхлээд өнөөдрийн байдлаар 850 өрхөд  суурилууулж өгөөд байна.   

 

      Энэхүү ажлын гүйцэтгэлтэй ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга Б.Алтанзул танилцах үеэр нүхэн жорлон нь хуримтлагдсан бохирыг хөрсөнд нэвчүүлэхгүй соруулж,  бүхээгт хэрэглэсэн цаас хаях сав байрлуулах зайг эхнээс нь төлөвлөж, бүхээгт байгалийн гэрэлтэй хаалганд агааржуулалтын сараалжийг хийж өгсөн,  MNS стандартын шаардлага хангагдсаныг онцолсон.

       Мөн тус хороонд оршин сууж байгаа иргэдийн хувьд нүхэн жорлонг шинэчлэх ажлыг эхнээс нь дуустал идэвхтэй дэмжиж  хэсгийн ахлагч нар нь  айл өрхүүдийг  эзэнтэй байлгах зэргээр гүйцэтгэгч компанитай ойр ажилласны үр дүнд ажил  шуурхай явагдсан. Амьдрах орчноо цэвэр байлгаж, хөрсний бохирдлоос эрүүл мэнд байгаль орчноо хамгаалж, нүхэн жорлон гэж гаднаас нь харахад мэдэгдэхгүйгээр хар шороо асгаж зүлэг тарьж  тохижууулна. Хорооны иргэдийн зүгээс  нүхэн жорлонг хашаандаа тавиулах иргэдийн хүсэлт ч нэмэгдэж байгааг  12 дугаар хорооны Засаг дарга  Ж.Наранцэцэг хэлж байлаа.

    Барилгын ажлыг гүйцэтгэсэн “Хэмжил зүй” ХХК-ийн ерөнхий менежер Н.Цолмон Жорлонгийн барилгыг 40x40 мм-ийн хэмжээтэй булан төмөр карказ, раммаар гагнаж, хэвлэмэл төмрөөр бүрсэн, төмөр бетонон хийцтэй, шаланд нь халтирдаггүй зориулалтын гишгүүр суурилуулж өгснөөс гадна ялгадас хуримтлууах  нүхнийх нь гүн 1,8 м, нүхний доторх цэвэр эзэлхүүн нь 3,1 м3 хэмжээтэй цчраас  хэрэглээнээс хамаарч газар хөлдөхөөс өмнө жилдээ нэг соруулах боломжтойг онцлов.

     Уг ариун цэврийн байгууламжийг барихдаа  нь салхины доор, бохир соруулах машины  ажиллах боломжийг бүрэн хангасан,  бороо ус орохгүйгээр өндөржилтийг шийдэж  жорлонд очих  явган замыг  бетонон хавтангаар өндөрлөж зассан зэрэг  бүх шаардлагуудыг хангаж өгчээ.

                

                                                                                                      ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО

 

 

 


Facebook Twitter YouTube