Мэдээ, мэдээлэл

НЯНГИЙН БОХИРДЛЫН ГОЛ ЭХ ҮҮСВЭР НЬ ГЭР ХОРООЛЛЫН НҮХЭН ЖОРЛОН

Нийтлэгдсэн огноо: 2021/05/17

    Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, ЦУОШГ-тай хамтран одоогоор 1500 цэгт хөрсний үржил шим, бохирдол, цөлжилтийг хянах сорьц авч шинжлэх, хөрсний үржил шим, бохирдлын динамикийн мэдээллийн сан бүрдүүлэх талаар үйл ажиллагаа зохион байгуулан ажиллаж байна.

     Орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу Монгол улсын хэмжээнд нийт 496 цэгээс өнгөн хөрсний сорьцыг хоёр жил тутамд авч агрохимийн үзүүлэлтүүд болох хөрсний орчин, чийг, ялзмаг, аммонийн азот, нитратын азот, сульфат, фосфор гэсэн үзүүлэлтээр хөрсний ерөнхий шинж чанарыг тодорхойлдог.

    Хяналт шинжилгээний 2019, 2020 оны дүнгээр хүнд металлын агууламжийг “Хөрсний чанар, хөрс бохирдуулагч бодис, элементүүдийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ” MNS 5850:2008 стандарттай харьцуулсан тайлангаар арьс ширний үйлдвэрийн орчимд хүнд металлын бохирдол ихтэй гарсан.  

    Хүнд металл нь үйлдвэр болон ахуйн хог хаягдал, цахилгаан станцын утаа, үнс нурам, тээврийн хэрэгслээс ялгарах утаатай хамт агаарт цацагдаж улмаар газрын хөрсөнд тархаж, салхи  хүний хөлөөр орчинд тархаж  хүний  эрүүл мэндэд сөргөөр  нөлөөлдөг.

     Нянгийн бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай хаясан хатуу ба шингэн хог хаягдал юм. Энэ чиглэлд ШУА-ийн эрдэмтдийн  хийсэн судалгааны үр дүнгээс харахад Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 88 хувь нь нянгийн бохирдлоор бохирдсоны 11 орчим хувь нь маш их бохирдолтой гарсан нь гэр хорооллын бүс байгаа юм.

     Гэр хорооллын нүхэн жорлонгийн ойр орчмын 10 м радиус дотор гэдэсний бүлгийн эмгэг үүсгэгч e-coli, савхарцар бактери түгээмэл тархалттай бөгөөд энэ нь хөрсний 6м гүнээс илэрч байгаа нь голын сав дагууд гүний усыг бохирдуулах, үерийн усаар зөөвөрлөгдөж ундны усны эх үүсвэрт ч орох эрсдэлтэйг харуулж байна.

   Цаашдаа энэ чиглэлд  аймаг нийслэлийн ЗДТГ,  ЦУОШГ-ын харьяа Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтарч хөрсний хүнд металлын бохирдлыг бууруулах чиглэлд томоохон цогц судалгаа, технологийн туршилт хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлагатай болоод байна.

     Тиймээс Улаанбаатар хотын хүнд металлыг бууруулах чиглэлд технологийн туршилтыг хүнд металлаар бохирдсон газрын байршлыг тодорхойлж, мэдээллийн сан үүсгэх, бохирдлын талбай хэмжээ, бохирдлын, төрөл, зэргийг нарийвчлан тодорхойлох, ХБО, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг үнэлэх, тухайн бохирдсон газарт тохирох нөхөн сэргээх арга, технологи сонгох, нөхөн сэргээх ажлыг  үе шаттай хэрэгжүүлэх  нь зүйтэй гэж үзэж  байна.


Facebook Twitter YouTube