АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТЭЙ БОЛНО

Нийтлэгдсэн огноо: 2017/01/16

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнөөдөр БОАЖЯ-нд хуралдлаа.

Үндэсний хөтөлбөрийг боловсруулах энэ удаагийн хурлыг ажлын хэсгийн ахлагч БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Д.Даваасамба удирдан явуулсан бөгөөд тэрээр энэхүү хурлыг нээн  “Агаарын бохирдол гамшгийн түвшинд хүрээд байгаа энэ үед зөв шийдэл бүхий арга хэмжээг авах ёстой. Хамгийн түрүүнд бид агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэлээ.

Уг хурлын  хүрээнд ажлын хэсгийнхэн хөтөлбөрийн төслийн үндэслэл, шаардлага, нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт хийх, холбогдох салбарт хэрэгжүүлж буй бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан зорилтуудтай уялдуулан холбогдох зорилт, үйл ажиллагааг томьёолж, боловсруулах талаар хэлэлцлээ. Мөн ажлын хэсгийн гишүүдэд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн зорилго зорилт, үйл ажиллагааг томьёолох даалгавар өглөө.  

Сангийн яамны  ЭЗБГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Нарангоо “Бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журам”-ын талаар ажлын хэсэгт илтгэл тавьсан юм.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, дүнг 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд танилцуулах ёстой бөгөөд энэ сарын 19-д ажлын хэсэг дахин хуралдахаар боллоо.

 


Facebook Twitter YouTube