Мэдээ, мэдээлэл

Ж.Дугаржав: Цэвэр түлшний үйлдвэрүүдийг бодлогоор дэмжихгүй бол болохгүй

Нийтлэгдсэн огноо: 2014/12/08

ШУА-ийн ХХТХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан  Ж.Дугаржав өнгөрсөн сарын 27-нд болсон “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” эрдэм шинжилгээний хуралд оролцож, “Цэвэр түлшний технологийн асуудлууд” сэдэвтэй илтгэл тавьсан билээ. Тэр үеэр нь түүнтэй уулзаж,  сайжруулсан түлшний асуудлаар ярилцсан юм.

 

-Цэвэр түлш гэж чухам ямар түлшийг нэрлээд байна вэ?

-Бодисын хувьд цэвэршсэн, утаагүй шатдаг түлшийг хэлнэ гээд тодорхойлчиход болно. Өөрөө хэлбэл, аливаа түлшийг шатаахад гарах хий байдаг. Тэр гарч байгаа хий нь ихээхэн бохир байх юм бол утаа гэж нэрлэнэ. Харин цэвэр байгаа тохиолдолд утаагүй түлш гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр цэвэр түлшийг шатаахад гарч байгаа хий нь цэвэр байдаг гэсэн үг.

-Одоо манайхны үйлдвэрлээд байгаа утаагүй, сайжруулсан гээд тодотгоод байгаа түлшнүүд чинь цэвэр гэдэг ангилалдаа багтана гэсэн үг үү?

-Цэвэршүүлсэн, чанарыг нь сайжруулсан гэсэн үг. Харьцангуй цэвэр түлш мөн. Утаагүй түлш ч мөн. Одоо хийгээд байгаа нүүрсэн брикет, био, үртсэн түлш бол утаагүй буюу цэвэр түлшинд орно гэж хэлж болно.

-Цэвэр түлш ашигласнаар агаарын бохирдлыг хэчнээн хэмжээнд буулгаж чадах вэ. Эрдэмтэд бүхий л янзаар судалгаа хийж үзсэн байлгүй?

-Агаарын бохирдол яаж ч бодсон түлштэй холбоотой гэдэг нь үнэн, тийм үү. Тэгэхээр түлшээ сайжруулах хэрэгтэй. Утаагүй, цэвэр түлш түлбэл агаарын бохирдлыг ихээхэн хувиар бууруулах нөхцөл, бололцоо бүрдэнэ гэсэн үг. Хамгийн энгийн үгээр хэлэхэд, айл болгоны яндангаас гарах хий цэвэрдүүхэн байвал болж байгаа хэрэг.  Тийм учраас түлшээ сайжруулах ёстой болж байна. Одоо бид “утаагүй” зуух гээд яриад байгаа шүү дээ. Зуух нь боловсронгуй байх юм бол утаа буурна гэсэн үг. Зуух гэдэг чинь дулаан үйлдвэрлэж байгаа нэг төхөөрөмж, машин гэсэн үг шүү дээ. Шинэ, сайн машин байвал яндангаас гарч байгаа хий нь цэвэр байдаг биз дээ. Харин муу машин болохоор хар утаа хаяад байдаг шүү дээ. Түүнтэй адилхан зуух нь сайн байх юм бол утааг бууруулах ач холбогдолтой. Энэ нь сүүлийн 2-3 жилийн үр дүнгээс харагдаж байгаа. Үүнийг үгүйсгэж болохгүй.

-Иргэд нэгэнт л зууханд гал түлж байгаа юм чинь яндангаас гарч байгаа болгон нь утаа гэж буруу ойлгоод байдаг юм байна шүү дээ, тийм үү?

-Утаа гэдэг ойлголттой холбоотой зүйл. Утаа гэдэг маань хий дотор хатуу, шингэн өөр бодисуудын жижиг бодис тархсан байдаг зүйл. Тийм бодисгүй байвал утаа биш хий болж байгаа юм. Хүний амсгалаас ч гэсэн хий гардаг шүү дээ. Гэвч бид өөрийнхөө амьсгалыг утаа гэж нэрлэдэггүй биз дээ. Бүр нарийн ярьвал, хүний бие дотор хоол шингээх үйл явц явагдаж байгаа. Хүн хоолноос шаардлагатай шим тэжээлээ авахаас гадна илч энерги авч байдаг.

Тэгэхээр зууханд түлш шатах, организм дотор идэш, тэжээл шатах хоёр эцсийн дүндээ адилхан зүйл шүү дээ. Тэгэхээр зууханд орж байгаа түлш цэвэр байвал гарч байгаа хий нь цэвэр байна аа л гэсэн үг.  Ер нь утаагүй түлш гэдэг ойлголтыг чинь ганцхан манайх ч яриад байгаа юм биш. Орос, Англи хэлэнд ч гэсэн утаагүй түлш гэдэг нэршил, хэллэг байдаг.  Харин хий гарч байгааг утаатай нийлүүлж ойлгоод, шүүмжилдэг хүмүүс байдаг. Харин энд шинжлэх ухааны ялгаа, зааг гэж байгаа шүү гэдгийг тэр хүмүүс ойлгох хэрэгтэй юм.

-Уг нь манай улсад овоо хэдэн цэвэр түлш үйлдвэрлэж байгаа үйлдвэр байгаа юм билээ.  Гэтэл ард түмний хэрэгцээг хангаж чадахгүй, хүрэлцээ муутай байгаа байна шүү дээ?

-Хүрэлцээ үнэхээр муу байна. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод жилдээ 500 гаруй мянган тонн түлш  хэрэгтэй гэсэн тооцоо гарсан байгаа. Гэтэл 2015 онд нийлүүлэх цэвэр түлш нь ердөө л 60-70 мянган тонн байна. Гэхдээ цэвэр түлшний үйлдвэрүүд яг одоо мэдэгдэж байгаа хэмжээндээ хүргэж үйлдвэрлэж чадах уу гэдэг асуудал байна. Бид бол тухайн үйлдвэр төлөвлөсөн хэмжээгээрээ үйлдвэрлэж чадвал гэж тооцоод байгаа нь энэ шүү дээ. 

Байдал ийм л байна. Цэвэр түлш үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалт их шаарддаг. Дээрээс нь үнийн хувьд жаахан өндөр байдаг. Түрүүчийн Засгийн газар гэхэд тонн түлшийг 125 мянган төгрөгөөр авна гээд шахалт үзүүлсэн. Одоо түүн дээрээ тогтчихсон байгаа. Өөрчлөх юм уу, үгүй юм уу бүү мэд. Гэтэл өнөөдөр нүүрс тонн нь 200 мянган төгрөгийн үнэтэй болчихоод байдаг. Тийм байхад цэвэршүүлсэн, утаагүй түлшээ 125 мянган төгрөгөөр зарж болохгүй болчихоод байна.

Утаагүй түлш үйлдвэрлэхийн тулд нүүрсээ цэвэрлэнэ, элдэв хольц нэмнэ. Тэгэхээр зүгээр түүхий нүүрснээс хамаагүй илүү өртөгтэй болно биз дээ. Гадаадад зарж байгаа утаагүй түлш тонн багадаа  150-200 ам.доллар байгаа. Бид ч зөвхөн утаагүй түлш хэрэглэх гээд байгаа юм биш. Олон газар хэрэглэж байна. Гэтэл тэнд тонн нь тийм үнэтэй байна.  Одоо бол энэ чинь эзэндээ ашиггүй, ард түмэнд ашигтай бизнес л болчихоод байгаа юм. Тийм болохоор бодлогоор дэмжихгүй бол болохгүй болчихоод байна.

-Цэвэр түлшнээс гадна хийн түлш хэрэглэж, гэр орноо халаах арга хэрэглэвэл яасан юм бэ. Зарим компаниуд хийн халаагуур оруулж ирээд байх шиг л байна?

-Шингэрүүлсэн хий оруулж ирж, ашиглаж байгаа юм. Тэр чинь маш сайн хий. Баллонтой хий тавиад, хийн халаагуураар гэр орноо халаавал агаарын бохирдлыг бууруулах нэг сайн арга. Хамгийн гол нь шингэрүүлсэн хийгээр халаах ёстой юм. Гэтэл нүүрсийг хий болгоно гэж манай дарга нар яриад байгаа. Хятадтай хамтарсан асар том үйлдвэр байгуулна гэж яриад байгаа юм.

Тэр хийгээр айл өрхийг хангаж, агаарын бохирдлыг бууруулна гэж байгаа бол болохгүй. Яагаад гэвэл нүүрснээс гаргаж байгаа хий чинь шингэрэхгүй. Тэр байтугай байгалийн хий метан ч шингэрдэггүй. Тийм учраас хэрэглэхэд их хэцүү. Яах вэ, гэр хороолын айл болгон руу хоолой оруулаад явбал болох байх.

Тэгэхийн тулд Улаанбаатар хотод асар том бүтээн байгуулалт хийх хэрэгтэй болно.  Манай удирдагчид болохоор нүүрснээс гарах хийгээ шингэрүүлсэн хийтэй адилхан ойлгоод байгаа юм. Шингэрүүлсэн хий гэдэг чинь нарийн ярьвал нефтээс гаргаж авдаг юм. Гэтэл метан юм уу, нүүрснээс гарч байгаа хий чинь шингэрэхэд хэцүү. Маш өндөр даралтад шингэрэвэл шингэрнэ. Тийм болохоор баллонд хийсэн байдлаар хэрэглэхэд боломж муутай гэсэн үг.

-Аргалаар сайжруулсан түлш хийх асуудлыг та бас хөндөж ярьж байсан. Аргалын утааг эрүүл мэндэд сайн гээд эрдэмтэд яриад байдаг.  Тэгэхээр түлш хийхэд хамгийн их тохиромжтой түүхий эд юм биш үү. Яагаад аргалаар түлш хийх ажил руу идэвхийлэн орох байгууллага гарахгүй байна. Нүүрсээр хийхээс өртөг өндөртэй болоод байна уу?

-Аргалаас гадна сүрлэн, цаасан гээд янз бүрийн түлш хийж болно. Гагцхүү бизнесмэнүүд их дургүй. Цуглуулахад хэцүү гээд. Хаанаас, яаж олж авч ирэх юм гээд байдаг. Бууцаар хүртэл түлш хийж болно. Гагцхүү түүж, цуглуулахад хэцүү гээд байдаг юм. Түүнээс биш 10 гаруй сая тонн аргалын нөөцтэй гэсэн судалгаа байна.

Түүгээр түлш хийхэд 5-6 сая тонн модтой тэнцэх хэмжээний түлш хийж болно.  Уг нь ийм боломж байгаа. Харин түүх, цуглуулахад их хэцүү. Уг нь бууцийг ашиглавал илүү дээр. Гэхдээ бас л бизнесмэнүүд сонгож өгөхгүй л байна.  Нүүрс бол яах вэ, нэг дороос их хэмжээгээр авчихна. Тэгэхээр ирж, хайгаад, түүж цуглуулаад байхгүй амар. Аргал битгий хэл сүрлээр түлш хийе гэхээр “Тэр сүрлийг чинь хэн зулгааж байдаг юм” гээд банйа шүү дээ, энэ бизнесмэнүүд.
 

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин, www.mminfo.mn

Сэтгүүлч Н.Пунцагболд

2014.12.02


Facebook Twitter YouTube