Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах талаар нийслэлээс баримталж буй бодлого, хэрэгжилт

Нийтлэгдсэн огноо: 2014/10/23

12-03e         

 

 

Улаанбаатар хотын хүн амын өсөлт сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэнээр хог хаягдлын хэмжээ жилээс жилд ихээр гарах болсон. Энэ нь нийслэлийн хүрээлэн буй орчныг бохирдуулж иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

 

Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2000-2500 тн ахуйн хог хаягдлыг хүлээн авч, дарж устгах үйл ажиллагааг өдөр бүр ландфил технологийн дагуу хийж байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийг хэрэгжүүлж,

2-оос доошгүй хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгагдсан.

 

Улаанбаатар хотоос гарч байгаа хог хаягдлын бүтцэд хамгийн их үүсч, орчныг бохирдуулж байгаа хаягдлыг /цаас, гялгар уут, хуванцар, үнс, барилгын хог, хүнсний хог/ боловсруулах чиглэлийг баримтлан ажиллаж байна.

 

Иргэд, байгууллага аж ахуйн нэгжээс гарч байгаа хог хаягдлын хэмжээг багасгах, дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх” санал ирүүлэхийг 2013 оны 3-р сарын 6-ны өдөр “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” сонингуудад нийтлүүлсэн бөгөөд нийт 20 байгууллагын төслийн саналыг хүлээн авч үнэлэв.

 

Ирүүлсэн саналыг төрлөөр нь ангилбал: Цаас, хуванцар, гялгар уут боловсруулах үйлдвэр байгуулах санал – 5, Шатаах болон пиролизын аргаар хог боловсруулах үйлдвэр – 8, Барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр – 5, Хог ангилан ялгах цех байгуулах – 2 санал байв. Хог боловсруулах үйлдвэрүүдийн төслийн танилцуулга, үнэлгээг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн.

 

Эхний шатанд 15 байгууллага, 2-р шатны шалгаруулалтад 5 байгууллагын хаягдал цаас, барилгын хог хаягдал, хуванцар, хаягдал дугуй боловсруулах үйлдвэрүүдийн санал дэмжигдсэн юм.

 

Эдгээр төслүүдийг Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт шилжүүлсэнээр тус газраас Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж хаягдал цаас үйлдвэрлэх 1, хуванцар хаягдал дахин боловсруулах 2 үйлдвэрийн санал дэмжигдэж НИТХ-д өргөн барихаар бэлтгэж байна.

 

Төр, хувийн хэвшлийн хамтран ажиллах санамж бичиг батлагдан зурагдсанаар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах ажил нь концессийн гэрээгээр зохицуулагдах юм.

 

12-03l

 

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хог боловсруулах үйлдвэрүүд:

Хогны уутыг дахин боловсруулах чиглэлээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “ТЧМ”, “Сан –Оргиу” ХХК-нууд 2-догч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоодтой хамтран ажиллаж байна.

  • - Тухайлбал тус холбоо нь төвлөрсөн хогийн цэгүүд дээр очиж байгаа дахин ашиглаж болох гялгар уут болон бусад түүхий эдийг /хуванцар эдлэл/ ТЧМ ХХК-д нийлүүлж байна. ТЧМ ХХК нь хог хаягдлыг  дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын тумба зэргийг үйлдвэрлэж байна. Тус компани нь Төмөр замын хэрэг эрхлэх газарт гэрээний дагуу 3000 ш төмөр замын хориг хашааны шон, Багануур дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 1000м хашаа, Борнуурын автозамд 360ш тумба, ОСНААУГ, Атмор ХХК-д нийт 1000ш траншейны таг нийлүүлсэн байна. ТЧМ ХХК нь УБ хотын ЗАА-ны захиалгаар Энхтайвны гүүрний өгсөж буух хэсэгт байрлуулах 400у/м хашаа нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байна.

 

  • - “Сан оргиу” ХХК нь 2013 оны 10-р сарын байдлаар нийт 350тн гялгар уутыг дахин боловсруулж 350ш сандал, 580ш траншейны таг, 1200 гаруй төмөр замын шон, ногооны торон хашаа 8600ш, замын тумба, хурд сааруулагч зэргийг үйлдвэрлэж төр, хувийн хэвшлийн байгуулагуудад нийлүүлсэн байна. “ТЧМ” ХХК  нь Сонгинохайрхан дүүрэг , Улаанчулуутын хогийн цэгт хаягдал гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулж  сандал, траншейны таг, хашаа, хашааны шон, хогийн сав, автозамын тумба, хурд сааруулагч зэргийг   үйлдвэрлэж байна.

 

12-03m

 

Багахангай дүүргийн үйлдвэрлэлийн бүсэд “Алтан оршихуй” ХХК-д  хаягдал дугуй, машины ажилласан тос боловсруулж дизель түлш үйлдвэрлэх зориулалтаар 3 га газрыг олгосон. Тус байгууллагын “Ахуй мандал” үйлдвэр нь 2013 оны 4-р сарын 17-ны өдөр нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд хоногт 8тн дизель түлш үйлдвэрлэж байна.

 

“Ахуй мандал” үйлдвэр нь машины ашигласан моторын  тосыг 1л-ийг 200-300 төгрөгөөр худалдан авч 600тн тос нөөцөлж, үүнээс 100тн тосыг дахин боловсруулж 80000л түлш үйлдвэрлэсэн байна. Нийт үйлдвэрлэсэн түлшийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний чанарыг тогтоох туршилтанд хэрэглэж байна. Тус компани нь үйлдвэрлэж буй түлшийг өөрсдийн техник хэрэгсэлд, тухайлбал 5тн-ын ачааны машинд туршилтаар 1000км-т 1000 гаруй л түлш хэрэглэсэн. Хаягдал резин, дугуйг 600тн-ыг татан авч нөөцөлсөн ба резин дугуйг дахин боловсруулах цехийг 2014 нэмэж байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “Хог хаягдал ангилан ялгах, боловсруулах, хатуу түлш үйлдвэрлэх үйлдвэрийг Солонгосын Койка ОУБ-ын 3,5 сая америк долларын хөрөнгө оруулалтаар 2011 оны 12-р сард байгуулсан ба 2013 оны 11-р сарын 28-ний өдөр Улсын комисс ажиллаж үйлдвэрийг хүлээн авах шийдвэр гаргалаа. Тус үйлдвэр нь хоногт 80 тн хог хаягдал хүлээн авч, түүнээс 40тн буюу 50%-ийг /хуванцар, шил, металл зэргийг/ гар аргаар ангилан ялгах ба шатамхай хог /гялгар уут, цаас/-ийг ялган 2 тн хатуу түлш /RDF/ үйлдвэрлэж үлдэгдлийг аль болох багасган дарж булах технологийн дагуу гүйцэтгэнэ.

 

Койкагийн үйлдвэрт нарийвчилсан ангилалт хийж, ангилагдсан түүхий эдийг 2-догч түүхий эдийн цэгүүд болон тухайн чиглэлийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх боломжтой юм. Тус үйлдвэрийн удирдлага, менежментийг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллана.

 

12-03o

Цагаандавааны хогийн цэг дээр ахуйн хог хаягдал боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн нийлүүлэгдсэн бөгөөд барилга угсралтын ажил хийгдэж байна. Тус үйлдвэрийн захиалагчийн хяналтыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас тавьж байгаа болно.

 

Цагаандавааны хогийн цэг дээр нохой, муурны сэг зэм шатаах зуухны барилга угсралтын ажлыг Эрэлт импекс ХХК гүйцэтгэж барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс 2013 оны 11-р сард ажиллав. Тус үйлдвэр ашиглалтад орсоноор нийслэлийн хэмжээнд хоногт агнаж буй 300-400 ширхэг нохой, муурны сэг зэм шатаах боломж бүрдэх юм.


Зуухны ашиглалт, үйл ажиллагааг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хариуцан ажиллана.

 

Нохойны арьсыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор “Дархан нэхий” ХК-тай хамтран ажиллаж эхлээд байна.


Facebook Twitter YouTube