Ил тод байдал

Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл

Нийтлэгдсэн огноо: 2014/10/22

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2013 оны гүйцэтгэлээр 5,940.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөгөөний биелэлт 92.8 хувь буюу 459.5 тэрбум төгрөгөөр тасарсан байна. Харин 2013 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2012 оны мөн үетэй харьцуулахад 1,076.9 тэрбум төгрөгөөр буюу 22.1 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй гарсан нь олон жилийн дундаж өсөлттэй ойролцоо байна.

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу тогтворжуулалтын санд өнгөрөгч 2013 онд 46.9 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ.

 

Нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл, тэрбум төгрөг

Татварын орлогын гүйцэтгэл 5,072.8 тэрбум төгрөгт хүрч, 89.3 хувийн биелэлттэй байна. Татварын орлого 607.3 тэрбум төгрөгөөр тасарсан нь өнгөрсөн онд нэгдсэн төсвийн орлого тасрахад гол нөлөөг үзүүлсэн байна. Харин татварын бус орлогын гүйцэтгэл 863.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 146.5 тэрбум төгрөгөөр давж, 120.4 хувийн биелэлттэй гарлаа.

Орлогын албан татвар 193.2 тэрбум төгрөг, дотоодын бараа үйлчилгээний татвар 329.7 тэрбум төгрөг, гадаад худалдааны орлого 135.2 тэрбум төгрөгөөр тус тус тасарсан нь нийт татварын орлогын төлөвлөгөөний биелэлтэд нөлөөлсөн байна.

Харин хүү торгуулийн орлого 70.6 тэрбум төгрөг, газрын тосны орлого 25.9 тэрбум төгрөг, төсөвт газрын өөрийн орлого 36.3 тэрбум төгрөгөөр тус тус давж биелсэн нь татварын бус орлогын төлөвлөгөө давж биелэхэд гол нөлөөг үзүүлжээ.

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлийг төсөв тус бүрээр нь авч үзвэл улсын төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт 88.0 хувь, орон нутгийн төсвийн орлогын биелэлт 100.6 хувь, хүний хөгжил сангийн орлогын биелэлт 99 хувь, нийгмийн даатгалын сангийн орлогын биелэлт 103.5 хувь байна.
 

Нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 2013 онд 6,164.7 тэрбум төгрөгт хүрч 90.8 хувийн гүйцэтгэлтэй байна. Улсын төсвийн зарлагад 5,165.6 тэрбум төгрөг төлөвлөгдсөнөөс 4,683.0 тэрбум төгрөгийн зарлага гарч, 90.7 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.

 

Нэгдсэн төсвийн зарлагын гүйцэтгэл, тэрбум төгрөг

 

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зарлагын гүйцэтгэл

Өнгөрсөн 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,124.3 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр хуульчлагдан батлагдсанаас нийт 787.8 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж төлөвлөгөөний биелэлт 70.1 хувьтай гарсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэлийн хувь өнгөрсөн 2012 онтой харьцуулахад 22.5 нэгжээр бага байгаа боловч 2012 оны үлдэгдэл санхүүжилтэд олгосон 182.8 тэрбум төгрөгийг оруулан тооцоход 970.6 тэрбум төгрөг болж байгаа нь өмнөх оны түвшинд байгаа юм.
Монгол Улсын Нэгдсэн төсвийн хэмжээнд авч үзвэл орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтад 370.5 тэрбум, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө оруулалтад 5.2 тэрбум төгрөг, нийт 1,346.3 тэрбум төгрөгийг олгосон нь хамгийн их хөрөнгө оруулалтын санхүүжилт хийгдсэн он болсон байна.

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, сая төгрөг

    

 


Facebook Twitter YouTube