Ил тод байдал

Монгол улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл

Нийтлэгдсэн огноо: 2014/10/22

НЭГДСЭН ТӨСВИЙН ОРЛОГО

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 2012 оны гүйцэтгэлээр 4,975.8 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 762.4 тэрбум төгрөгөөр буюу 13.3 хувиар тасарч, 2011 оны мөн үеийнхээс 11.3 хувиар буюу 507.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.


Нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 2012 оны гүйцэтгэлээр 4,881.1 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарч, 2011 оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 653.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогын 84.0 хувь нь татварын орлогоор, 13.4 хувь нь татварын бус орлогоор, үлдэх 2.6 хувь нь хөрөнгийн болон тусламжийн орлогоор тус тус бүрдсэн байна.

 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.1-т заасны дагуу нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар 2 дахь жилдээ тооцсон бөгөөд Тогтворжуулалтын санд 101.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 87.4 тэрбум төгрөг төвлөрч 86.2 хувийн биелэлттэй байна.

 

Тус сангийн орлогын 21.1 хувь буюу 18.4 тэрбум төгрөг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр, 26.4 хувь буюу 23.1 тэрбум төгрөг нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар,

 

52.5 хувь буюу 45.9 тэрбум төгрөг нь өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрөөс төвлөрсөн байна. Ингэснээр төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлагдсан нийт үлдэгдэл 335.6 тэрбум төгрөгт хүрээд байна.

 

 

Уул уурхайн салбарын орлогын гүйцэтгэлийн талаар: Гол нэр төрлийн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ болон татварын орлого дараах байдалтай байна. Үүнд:

 

Уул уурхайн салбараас орсон татварын орлогын хэмжээ 2012 оны гүйцэтгэлээр 834.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 347.5 тэрбум төгрөгөөр буюу 29.4 хувиар буурсан байна. 2012 онд зэсийн баяжмалаас 382.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсоноос гүйцэтгэлээр уул уурхайн салбараас төвлөрүүлсэн нийт орлогын 45.5 хувь буюу 379.7 тэрбум төгрөг төвлөрсөн байна.


Нүүрсний экспортын хэмжээнээс хамаарч 2012 онд 388.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцсоноос гүйцэтгэлээр уул уурхайн салбараас төвлөрүүлсэн нийт орлогын 35.7 хувь буюу 298.0 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 90.8 тэрбум төгрөгөөр тасарсан байна.


2012 онд уул уурхайн салбараас төвлөрүүлсэн нийт татварын орлогын 81.2 хувь нь зөвхөн зэс, нүүрснээс төвлөрсөн байна.

 

Агаарын бохирдлын төлбөр

Агаарын бохирдлын төлбөрийн орлогоор улсын төсөвт 25.3 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 24.1 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөө 4.9 хувиар буюу 1.2 тэрбум төгрөгөөр тасарлаа.

Агаарын бохирдлын төлбөрийн орлого нь түүхий нүүрсний олборлолт, экспортын хэмжээнээс ихээхэн хамаардаг бөгөөд нийт нүүрсний экспортын хэмжээ төлөвлөснөөс 1.7 сая тонноор буурсантай холбоотойгоор тус орлогын төлөвлөгөө тасарсан байна.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн агаарын бохирдлын төлбөрийн орлогоор улсын төсөвт 2.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2.6 тэрбум төгрөг төвлөрүүлж, төлөвлөгөө 17.6 хувиар давж биелсэн байна.

 

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2012 ОНЫ ЗАРЛАГА, САНХҮҮЖИЛТ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2012 оны нийт зарлага 6,499.2 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 6,017.8 тэрбум төгрөгийн буюу төлөвлөгдсөн нийт зардлын 92.6 хувь, улсын төсвийн нийт зарлага 4,675.9 тэрбум төгрөгөөр батлагдсанаас 4,379.4 тэрбум төгрөгийн буюу нийт төлөвлөгдсөн зардлын 93.6 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.

 

 

Орон нутгийн төсвийн зарлага 747.1 тэрбум төгрөгт хүрч төлөвлөгдсөн нийт зардал 78.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгох бэлэн мөнгөнд зориулж 840.6 тэрбум төгрөг, төр хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 12.1 тэрбум төгрөг, оюутны сургалтын төлбөрт 83.6 тэрбум төгрөгийг тус тус олгосон байна.

 

Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгдсөн зардал 97.51 хувийн буюу 918.6 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байна.

 

 

Улсын төсвийн нийт зарлагын 20.5 хувийг буюу 890.6 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, 10.2 хувийг буюу 444.7 тэрбум төгрөгийг Зам тээвэрийн сайд, 8.7 хувийг буюу 384.7 тэрбум төгрөгийг Сангийн сайд, 12.9 хувийг буюу 524.5 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, 7.3 хувийг буюу 319.1 тэрбум төгрөгийг Хууль зүйн сайд, 9.8 хувийг буюу 425.0 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайд багцын байгууллагуудын зарлага эзэлж байна.

 


Facebook Twitter YouTube