Ил тод байдал

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар

Нийтлэгдсэн огноо: 2014/10/20

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэж байгаа явцыг Та бүхэнд сонсгоё.

 

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа шийдвэрлэвэл зохих тулгамдсан чухал асуудал болоод байна.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлын шалтгааныг эх үүсвэрээр нь авч үзвэл гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй зуухнаас гарч байгаа утаа ихэнх хувийг эзлэж байгаа бол үлдэх хувийг нь автотээврийн хэрэгсэл, бага болон дунд оврын нам даралтын уурын зуухнууд, дулааны цахилгаан станцууд эзлэж байна.

 

Нийслэлийн гэр хорооллын 170 гаруй мянган айл өрх жилдээ 700 мянга орчим тонн нүүрс түлж угаарын хий, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл зэрэг хүний эрүүл мэндэд хортой бодисуудыг агаарт гаргадаг нь судалгаагаар тогтоогдсон байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудалтай биечлэн танилцаж, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж дүгнэж, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг санаачилан боловсруулсан бөгөөд уг хууль 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Улсын Их Хурлаар батлагдсан билээ.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй  холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоол батлагдан гарсан.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлууд нь нийслэл, салбарын яамд ба хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагааг шаардаж байна. Холбогдох яамд, оролцогч талуудын ажлыг Нийслэлийн ЗДТГ-аас нэгтгэн зангидаж байгаа бөгөөд БОАЖЯ-наас уг асуудлаар Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд одоо энэ асуудлыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хариуцна гэж ойлгож байна.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос ирүүлсэн тооцоотой танилцаж үзлээ. Үүнд:

 

Үртсэн шахмал түлш, хагас коксон түлш үйлдвэрлэгчдэд олгох татааст 3.1 тэрбум төгрөг, цахилгаан халаагуур хэрэглэх 6000 айлд үзүүлэх тарифын болон цахилгааны хөнгөлөлтөд 4.5 тэрбум төгрөг, урамшуулал, зар сурталчилгаа гэх мэт нийт 34.0 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулах тооцоо ирүүлснийг төсвийн тодотголд тусгах боломжийг судлан үзэж байна.

 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Нийслэлийн Засаг даргаас 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/719 албан тоотоор Сангийн яаманд ирүүлсэн тооцооноос үзэхэд энэ арга хэмжээнд нийт 439.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тухай дурдсан нь Үндэсний хорооноос гаргасан тооцоотой ихээхэн зөрж байна.

 

Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн тооцоог судлан хянаж хөрөнгийн эх үүсвэрээр нь ангилан авч үзвэл,

  1. Эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах ажлууд нь Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоолын дагуу Концессийн гэрээгээр гүйцэтгэх ажлуудад 161.4 тэрбум төгрөг,
  2. Гэр хорооллыг орон сууцжуулах ажилд Хөгжлийн банкны санхүүжилтээр 91.7 тэрбум төгрөг,
  3. Үнийн урамшуулал олгох, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг ажлыг шинээр байгуулагдсан Цэвэр агаарын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхэд 5.9 тэрбум төгрөг,
  4. Цахилгаан эрчим хүчний үнэнд хөнгөлөлт үзүүлэх, гэрийн дулаалга болон Багануурын уурхайд нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад улсын төсвөөс 37.8 тэрбум төгрөг гаргахаар тооцсон байна.

 

НЗДТГ-аас ирүүлсэн тооцоо нь Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон асуудлыг хамааруулсан хэдий ч шийдвэрлэх хууль эрх зүйн акт тодорхойгүй байна. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу Сангийн яам төсвийн төлөвлөлт, санхүүжилтийг зохион байгуулж байна. Иймд агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэх ажлын талаар холбогдох хуультай нягт уялдсан тодорхой журам гаргаж мөрдүүлэх шаардлагатай байна.

 

“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийн хөрөнгөөр худалдан авах бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын төрөл, хэмжээг тодорхойлж шаардагдах хөрөнгийг жил бүр Төсвийн ерөнхийлөн захиарагч өөрийн төсвийн багцын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлдэг тул энэ асуудалд яамдын оролцоог бүрэн хамруулах хэрэгтэй байна.

 

Түүнчлэн УИХ-аас баталсан Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөртэй уялдуулан төлөвлөх асуудал ч байгаа гэж үзэж байна.

 

Иймд агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээ, шаардагдах хөрөнгийн тооцоог дахин нарийвчлан гаргаж мэргэжлийн байгууллагуудын саналыг авч сайтар хэлэлцүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал,

 

1. УБ хотын 220, 110 кВ-ын цахилгаан дамжуулах “Их тойруу” сүлжээ байгуулах, Нисэх, Баянголын ам, 7 дугаар хороололын 110 кВ-ын дэд станцуудыг барьж байгуулах гэсэн 4 өөр чиглэлийн ажлыг нэг ажил болгож тооцсон нь төсөл хэрэгжих үед хүндрэл гарах болно. Иймд ажил тус бүрээр нь тооцоог хийх нь зүйтэй байна.

Зөвхөн “Их тойруу” сүлжээ байгуулахад 110, 220 кВ-ын цахилгаан дамжуулах шугам барихаас гадна 15 дэд станцыг барих бөгөөд нийт 116.4 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог мэргэжлийн байгууллага нь гаргасан байдаг. “Их тойруу” сүлжээ төслийг хэрэгжүүлэхийн тулд гол эх үүсвэр болох Сонгино 220/110/35 кВ-ын дэд станц, цахилгаан дамжуулах шугам барих нь чухал ач холбогдолтой бөгөөд энэ дэд станцыг барьснаар Улаанбаатарын Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын гаргалгааг хийх боломж бүрдэх юм. Гэтэл энэ ажил нь БНХАУ-ын Засгийн газраас олгох 500.0 сая ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд тусгагдсан байна.

2. Буянт-Ухаа хорооллын дэд бүтцийн хангамж, шугам сүлжээний ажилд олон төрлийн ажил багтдаг, түүнээс энэ төлөвлөж байгаа 42.4 тэрбум төгрөгт чухам ямар ажлыг оруулж байгаа нь тодорхойгүй байна. Одоо манайд ирүүлээд байгаа хөрөнгө оруулалтын тооцоонд ДЦС-4-д уур усны дулаан солилцуулагч станцын барилга барих ажилд 23.0 тэрбум төгрөгөөр туссан байхад Буянт-Ухаа хороололын дэд бүтцийн хангамж, шугам сүлжээний ажлын төсөл дотор уг ажлыг 22.0 тэрбум төгрөгөөр барихаар тооцсон байна. Гэтэл барилгын зураг төслийн Сээмий ХХК-ийн хийсэн төсвөөр уг ажлын төсөвт өртөг 10.7 тэрбум төгрөг байна.

 

Иймд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа ажлын хэсгүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран тооцоо, судалгааг нарийвчлан гаргах шаардлагатай байна. Энэ нь тендер зарлах, төсөл хэрэгжих, хөрөнгийн эх үүсвэрийг төлөвлөх, санхүүжүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой юм.

 

Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан зарим арга хэмжээнүүд болон Төсвийн ерөнхийлөн захирагчдын санал тусгагдаагүй байгааг анхаарч мэргэжлийн байгууллагууд болон яамдтай хамтран тооцоо, судалгааг нэг мөр болгох шаардлагатай байна. Зарим гол чухал ажлууд орхигдсон байна. Тухайлбал: Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрт тусгагдсан Эрчим хүчний 5 дахь шинэ эх үүсвэр 820 МВт-ын хүч чадалтай байхаар төлөвлөгдсөн. Эрчим хүчний 5 дахь шинэ эх үүсвэрийг барьж байгуулахад ойролцоогоор 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. АХБ-ны 1.5 сая ам.долларын техникийн тусламжаар станцын ТЭЗҮ-ийг хийж байна.

 

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхийг түүхий нүүрс түлж халаахаас татгалзан цахилгаан халаагуур ашиглан халаах тохиолдолд дамжуулах сүлжээний одоо байгаа шугам дэд станцын нэвтрүүлэх чадвараас хамааран 6 000 айлыг цахилгаан эрчим хүчээр хангах боломжтой бөгөөд үүний тулд цахилгаан дамжуулах, түгээх сүлжээг өргөтгөх  ажилд 23.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зардлыг энэ тооцоонд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Улсын хэмжээнд нийт 9 компани газрын тосны шингэрүүлсэн хийн худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа бөгөөд Улаанбаатар хотод 24000 орчим хэрэглэгч хийг тогтмол хэрэглэж байгаа тооцоо байдаг. Хийн хэрэглэлтийг хэрхэн өргөжүүлэх санал санаачлага тодорхой бус байна.

 

Одоогийн байдлаар улсын төсвийн хөрөнгөөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг дэс дараалалтай авч хэрэгжүүлж эхлээд байна.

 

Гэр хороололыг цахилгаан эрчим хүчээр хангах, дэд станцуудыг шинэчлэх ажилд  2011 онд улсын төсвөөс 21.6 тэрбум төгрөгийг төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 6.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна.

 

2010 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн  210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах ажлын тендерт “Аморе интернэшнл” ХХК шалгарч  ЭБЭХЯамтай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд улсын төсвөөс 5 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна.

 

Уг цогцолборын технологийн шийдлийн дагуу зуухыг эрчим хүчний төхөөрөмж  болгон өөрчлөх 19 нэр төрлийн тоног төхөөрөмж захиалагдаад байна.

 

Технологийн шийдлийн дагуу шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр нь хоёр хос шугамтай байх бөгөөд 2011 онд 1 хос шугам ашиглалтад орж бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэхээр тооцож байна.

 

1 тн коксжсон шахмал түлшний өөрийн өртгийг 80000 төгрөгөөр тооцож байгаа бөгөөд нийт гэр хороололын 40 гаруй хувийг хангах юм.

 

2011 онд Цэвэр агаарын санд нийт 30 тэрбум төгрөг төлөвлөгдсөн бөгөөд уг сангийн хөрөнгөөр УИХ-ын 2011 оны 11 дүгээр тогтоолын заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээнд зарцуулах юм.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөлд хагас коксын үйлдвэрийн тоног төхөөрөмж, хийн болон шингэн түлшний тоног төхөөрөмж, нар салхи, газрын гүний дулааны болон эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуурыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай асуудал тусгагдсан.

 

УИХ-н байнгын хороодоор уг хуулийн төсөл хэлэлцэгдэх үед хуулийн төсөлд тусгагдсан татвараас чөлөөлөгдөх дээр дурьдсан тоног төхөөрөмжүүд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, зарим сэлбэг хэрэгслийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2009 оны 316 дугаар тогтоолд заасан тоног төхөөрөмжтэй давхцаж байсан тул Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан боловч татварын чөлөөлөлтөд хамрагдаагүй байгаа зарим тоног төхөөрөмжийг Засгийн газрын 316 дугаар тогтоолд нэмэлт оруулах замаар шийдвэрлэхээр хуулийн төслөөс хасч, уг жагсаалтад нэмэлт оруулах үүргийг Засгийн газарт өгсөн байна.

 

Иймд Засгийн газрын 2009 оны 316 дугаар тогтоолд тусгагдаагүй

 

Нүүрс, хагас кокс, шахмал түлш зөөх тэргэнцрийн зам төмөр

Нүүрс, хагас кокс, шахмал түлш зөөх тэргэнцэр

Нүүрс, хагас кокс шигших төхөөрөмж

Соронзон сепаратор

Нүүрс, хагас кокс бутлах тоног төхөөрөмж

Ахуйн зориулалттай хийн халаагуур

Орон сууцны дулааны болон хэрэглээний ус халаах хийн тогоо

Нар, салхины цахилгаан үүсгүүр

Нараар ус халаах зориулалттай хавтгай коллектор

Дулаан шингээх коллекторын полиэтилен хоолой гэх мэт 60 гаруй нэр төрлийн хагас коксын үйлдвэрийн тоног төхөөрөмж, хийн болон шингэн түлшний тоног төхөөрөмж, нар салхи, газрын гүний дулааны болон эрчим хүчний тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур зэрэг тоног төхөөрөмжийг тогтоолын хавсралтад нэмж шинэчлэн Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

 

Ингэснээр нийслэл хотын агаарын бохирдолыг бууруулах арга хэмжээнд  нөлөөлөх эдийн засгийн хөшүүрэг болно гэж үзэж байна.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл чухал ач холбогдолтой бөгөөд тус банкинд  Засгийн газрын баталгаа бүхий 800 тэрбум төгрөгийн бонд гаргаад байна.

 

Уг 800 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрийн 300 тэрбум төгрөгөөр нь 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг санхүүжүүлэх бөгөөд уг хөтөлбөр нь бага орлоготой буюу одоогоор гэр хороололд амьдарч буй иргэдийг орон сууцжуулах, үүгээр дамжуулан Улаанбаатар хотын утааг багасгахад чиглэгдэх юм.

 

Засгийн газраас 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлж, дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд үүний 75000 орон сууц нь Улаанбаатар хотод барихаар төлөлөж байна.

 

Эхний ээлжид Нийслэлд 16-17 мянган орон сууц барих бөгөөд СБД-ийн 7-р хороолол, Баянголын ам, Буянт-Ухаа, МҮОНРТ, БЗД-ийн 14-р хороолол, яармагт барихаар төлөвлөж байна.

 

Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байгаа бөгөөд Сангийн яам дэмжиж байгаа болно.

 

“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Сангийн яамнаас Загийн газарт 2011 оны 3 дугаар сарын 16-ний өдөр танилцуулсан. Танилцуулагыг хэлэлцээд, Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой гэрээ, хэлэлцээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа учраас төсвийн орлогын нэмэлт эх үүсвэр тодорхойгүй болж, Монгол улсын 2011 оны төсвийн тодотголын төслийг 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тухай УИХ-ын холбогдох байнгын хороонд танилцуулахаар тогтсон болно.

 

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах асуудал ихээхэн өргөн хүрээтэй асуудал бөгөөд цаашид агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн олон чухал төсөл, арга хэмжээг нэгтгэн мэргэжлийн байгууллагуудаар хянуулж зайлшгүй хэрэгжүүлэх төсөл болгож баталгаажуулах, ТЭЗҮ, зураг төслийг нь бэлэн болгох, концессын хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээтэй нягт уялдуулах зэрэг олон чухал арга хэмжээг авах шаардлага тулгарч байна.

 

Энэ ажилд эрхлэх асуудлын хүрээнд ҮХШХ, Төрийн өмчийн хороо чухал үүрэг гүйцэтгэх ёстой.

 

Агаарын бохирдлыг бууруулах ажилд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэн, Нийслэл хотоо хорт утаанаас ангижруулан агаарын бохирдолгүй хот болгох  их үйлсийн төлөө Та бүхэнтэй хамтран ажиллах болно.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.


Facebook Twitter YouTube