Агаарын чанарын мэдээллийг гар утсаараа авдаг болно

Нийтлэгдсэн огноо: 2014/10/07

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга С.Оюун, тус хорооны ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт нар “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцож мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнд хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн хэмжээ 2012 оныхтой харьцуулахад 40 хувиар, агаар дахь азотын давхар исэл 26 хувиар, нарийн ширхэглэгт тоосонцор 28 хувиар, том ширхэглэгт тоосонцор 33 хувиар багассан үзүүлэлттэй байна. Гэвч энэ бүхэн нь стандартад заасан  хэмжээнээс 1,6-2,7 дахин их байсаар байна гэж  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун хэллээ.

 

 

2013-2014 онд 45 000 хөнгөлөлттэй үнэ бүхий сайжруулсан зуухыг гэр хорооллын айл өрхүүдэд өгөхөөр төлөвлөснөөс 29 000-ыг нь түгээжээ. Энэ намар нэмж 22 000 зуух өгснөөр нийслэлийн гэр хорооллын 193 000 айл өрхийн 170 000 нь сайжруулсан зуухтай болох юм. Стандартын шаардлага хангасан сайжруулсан түлш үйлдвэрлэх, шинэ технологи нэвтрүүлэх, аж ахуйн нэгжүүдтэй бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж байна. Агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил үргэлжилж, энэ онд 66 223 өрхөд 2.4 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ. Энэ онд багтаан хувийн болон төрийн өмчийн 19 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холбон шинэчилэхээс Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, 10 дугаар хорооны цогцолбор зэрэг байгууламжийг дулаанаар хангадаг 5 уурын зуухыг зогсоож төвийн шугамд холбожээ.    

 

 

Агаарын чанарын хяналт, шинжилгээний чиглэлээр агаарын чанарын мэдээг ард иргэдэд нээлттэй, ил тод байлгах, төрийн болон олон нийтийн байгууллагуудыг мэдээллийн эх үүсвэрийн нэгдсэн сантай болгох зорилгоор “Агаарын чанарын ухаалаг хяналтын систем” нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж  Агаарын бохирдлыг бууруулах үндэсний  хорооны ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт хэллээ.  Энэ системийг ашиглаж эхэлснээр агаарын чанарын мэдээллийг иргэд цахим хуудас болон гар утсаар дамжуулан авах боломжтой болох юм. Мөн Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтрал ихтэй 10 цэгт LED дэлгэцээр дамжуулан олон нийтэд агаарын чанарыг энгийн ойлгомжтой байдлаар мэдээлдэг болно гэв.


Facebook Twitter YouTube