Агаарын тухай холбогдох хуулийн судалгааны тайлан

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

1.  Тайлангийн хураангуй


Төслийн  баг  нь  энэхүү  тайланг  Агаарын  тухай  хуультай  холбогдох 1992-2011  оны хооронд  батлагдаж  мөрдөгдсөн  нийт24  хууль, 70  гаруй  эрх  зүйн  актын  жагсаалтыг  гаргаж үүнээс  одоо  хүчин  төгөлдөр  мөрдөж  буй  Агаарын  тухай  хууль,  Нийслэлийн  агаарын бохирдлыг  бууруулах  тухай  хууль,  Агаарын  бохирдлын  төлбөрийн  тухай  хууль,  Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хуульд судалгаа хийсэн юм. 


Судалгаа  нь  Агаарын  тухай  хуулийн  судалгаа,  Нийслэлийн  Агаарын  бохирдлыг бууруулах  тухай  хуулийн  судалгаа,  Агаарын  бохирдлын  төлбөрийн  тухай  хуулийн  судалгаа холбогдох  бусад  хуулийн  судалгаа  зэрэг  бие  даасан  судалгаанууд  хамрагдаж  байгаа  бөгөөд судалгаа  тус  бүрд  тухайн  хуулийн  хийдэл  бүхий  заалтууд,  бусад  хуультай  зөрчилдөж  буй зүйл  заалтууд,  бусад  хуулийн  заалтуудтай  давхардсан  зохицуулалт  зэргийг  тодорхойлж  тус бүр товч тайлбар хийсэн болно. 


Мөн  холбогдох  бусад  хууль  тогтоомж  гэсэн4  дүгээр  бүлэгт  Эрүүгийн  хууль,  Байгаль орчныг  хамгаалах  тухай  хууль,  Засгийн  газрын  тусгай  сангийн  тухай  хуулиуд,  агаарын  тухай Нийслэлийн  агаарын  бохирдлыг  бууруулах  тухай,  Агаарын  бохирдлын  төлбөрийн  тухай хуулиудийн  холбогдох  хэсгүүдэд  дүн  шинжилгээ  хийж,  боловсронгуй  болгох  санал зөвлөмжийг боловсруулав. 


Судалгааг  хийхдээ  Хууль  зүй,  дотоод  хэргийн  сайдын2010  оны84  дүгээр  тушаалаар батлагдсан  Хууль  тогтоомжийн  давхардал,  хийдэл,  зөрчлийг  арилгах,  тэдгээрийн  хоорондын уялдаа  холбоог  сайжруулах  аргачлалд  заасны  дагуу  доорх  байдлаар  ойлгож  судалгаанд тусгасан болно. Үүнд:

 
- “Давхардал”  гэж  хуулиар  нэгэнт  зохицуулсан  харилцааг  хэл  зүйн  хувьд  хуулбарласан эсхүл тэдгээрийн зохицуулалтын агуулга, зорилго нь ижил байхыг. 
- ”Зөрчил”  гэж  нэг  этгээдийн  зан  үйлийг  ижил  нөхцөлд  өөрөөр  журамласан,  Үндсэн хууль  болон  бусад  хууль  тогтоомжийн  эрэмбэлэлийн  аргын  дагуу  хамгийн  дээд  хүчин чадалтай  буюу  суурь харилцааг  зохицуулж  байгаа  хуульд  заасан  журмаас  өөр зохицуулалтыг  тусгасан,  өөр  нэр  томъёо  хэрэглэсэн,  зохицуулалтын  агуулга  нь  тухайн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдсөн байхыг. 
- ”Хийдэл” гэж тухайн харилцаанд оролцогчдын зан үйлийг хуульчилсан боловч түүнийг хэрэгжүүлэх  арга  зам,  процедурыг  заагаагүй,  шаардлагатай  зохицуулалтыг  орхигдуулсан эсхүл зохицуулалт нь хэл зүйн найруулгын хувьд зөрчилтэй буюу салаа утгатай байхыг. 


Агаарын  бохирдлыг  бууруулахтай  холбогдсон  харилцааг  зохицуулж  буй  нийт  гурван хуульд  заасан  батлагдвал  зохих  дүрэм,  журмыг  батлан  мөрдүүлэх  эрхийг  олгосон  хуулийн зүйл  заалтын  жагсаалтыг  түүвэрлэн  гаргаж  батлагдсан  эсэх  талаар  судалгааг  хийж гүйцэтгэлээ. 


Энэхүү судалгааг Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн харилцааг зохицуулж буй хүчин  төгөлдөр  үйлчилж  байгаа  хуулиудын  уялдаа  холбоог  сайжруулах,  хуулийн  заалтыг тодорхой ойлгомжтой болгох зорилгоор ашиглах боломжтой юм.

 

2.  Агаарын тухай хууль


2.1.  Хууль батлагдах шаардлага


2010  оны 06  дугаар  сарын 24-ны  өдөр  Монгол  Улсын  Их  Хурал  Агаарын  тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Үүнээс өмнө1995 оны03 дугаар сарын31-ны өдөр  батлагдсан  Агаарын  тухай  хууль  хэрэгжиж  байсан  бөгөөд  хуулийн  шинэчилсэн найруулгаар  өнөөгийн  Нийслэлийн  агаарын  бохирдлын  нөхцөл  байдал,  агаарын  бохирдлыг бууруулах шаардлага  зэргийг харгалзан  шинээр  зохицуулалт  нэмэх, хариуцлагын  тогтолцоог боловсронгуй  болгох,  төрийн  болон  бусад  байгууллагуудын  эрх  үүгийг  нарийвчлан зохицуулах  шаардлага  гарсны  хүрээнд  энэхүү  шинэчилсэн  найруулгыг  батлан  гаргасан болно. 


2010  оны06  дугаар  сарын24-ны  өдөр  батлагдсан  Агаарын  тухай  хууль  нь  хүрээлэн байгаа  агаарыг  хамгаалах,  бохирдохоос  урьдчилан  сэргийлэх,  агаар  бохирдуулах  бодисын хаягдлыг  бууруулж  хяналт  тавихтай  холбогдсон  харилцааг  зохицуулах  бөгөөд  бүтцийн  хувьд 5 бүлэг26 зүйлтэй. 


Агаарын  тухай  хуулийн  шинэчилсэн  найруулгаар  хуульд  тусгагдсан  нэр  томьёог  нэг мөр  ойлгох  зорилгоор  нэр  томьёоны  тодорхойлолтыг  оруулж  өгсөн  бөгөөд  өмнө  үйлчилж байсан  агаарын  тухай  хуульд  тусгагдаагүй  байсан  Агаарыг  хамгаалах  талаарх  Төрийн  болон нутгийн  өөрөө  удирдах  байгууллага,  болон  аж  ахуйн  нэгж  байгууллагын  нийтлэг  эрх  үүргийг тодорхойлж,  агаарыг  хамгаалах  арга  хэмжээ  болон  агаарын  бохирдлын  нөхөн  төлбөрийн талаарх зохицуулалтуудыг нарийвчилж заасан байна. 


Мөн  уг  Агаарын  тухай  хуулийн  шинэчилсэн  найруулгад  Цэвэр  агаарын  сангийн талаарх  зохицуулалт  орсон  байх  бөгөөд  тус  сангийн  төсвийн  ерөнхийлөн  захирагч  нь байгаль  орчны  асуудал  эрхлэсэн  засгийн  газрын  гишүүн  байхаар,  сангийн  үйл  ажиллагааг Засгийн  газрын  тусгай  сангийн  тухай  хуулиар  зохицуулахаар  хуульчилсан  байна.  Мөн  иргэд аж ахуйн нэгж байгууллагаас төлж буй агаарын бохирдлын  төлбөр тус санд төвлөрч байхаар зохицуулжээ.

 

2.2 Агаарын тухай хуулийн зөрчил, хийдэлтэй заалтууд: 


•  Агаарын тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1.7. “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах, хязгаар тогтооход хяналт тавих үүрэгтэй” 


Энэхүү  хуулийн  заалтад “Төрийн  захиргааны  төв  байгууллага  озон  задалдаг бодисын  хэрэглээг  үе  шаттайгаар  бууруулах,  хязгаар  тогтооход  хяналт  тавих”  гэж заасан  боловч  хэрхэн  хяналт  тавих  арга  механизм  тодорхойгүй,  үе  шаттайгаар  бууруулах гэдгийг  хэрхэн  ойлгох  нь  тодорхойгүй,  салаа  утгатай  зохицуулалт  болсон  байна.  Өөрөөр хэлбэл:  Үе  шаттай  бууруулна  гэдэг  нь  ямар  хугацаанд  ямар  түвшинд  хүргэх  зорилт  нь тодорхой, биелэгдсэн эсэхийг дүгнэж болохоор байх шаардлагатай.  Хуулийн зохицуулалт нь хүрэх  үр  дүн  нь  маш  тодорхой  байх  ёстой  бөгөөд  хийсвэр  хүрэх  үр  дүн  нь  тодорхойгүй зохицуулалтын  хэрэгжилтийг  үнэлэх  боломжгүй  юм.  Иймд  цаг  хугацааны  хувьд  ямар  үеийг хамаарч,  озон  задалдаг  бодисын  хэрэглээг  хэдэн  хувиар  бууруулахыг  тодорхой  болгох шаардлагатай байна. 


Санал:  

 

Төрийн  захиргааны  байгууллага  озон  задалдаг  бодисын  хэрэглээг  үе шаттайгаар  бууруулах  төлөвлөгөөг  боловсруулж  уг  төлөвлөгөөний  дагуу  ажиллах шаардлагатай гэж үзэж байна. 
Иймд  хуульд“Төрийн  захиргааны  байгууллага  озон  задалдаг  бодисын  хэрэглээг  үе шаттайгаар  бууруулах  төлөвлөгөө  боловсруулан  уг  төлөвлөгөөний  хэрэгжилтэд  хяналт тавих” гэж зохицуулсан тохиолдолд ойлгомжтой болох юм. 


•  Агаарын  тухай  хуулийн 7  дугаар  зүйл.  “Аж  ахуйн  нэгж,  байгууллага,  иргэний  эрх, үүрэг 7  дугаар  зүйлийн 7.1.3.  “Агаарын  бохирдлын  томоохон  суурин  эх  үүсвэр ашиглан  үйлдвэрлэл,  үйлчилгээ  эрхлэхдээ  тухайн  эх  үүсвэрийн  хаягдал,  нөлөөллийг хянах  дотоод  хяналтын  багаж  хэрэгслээр  тоноглох”  үүргийн  аж  ахуйн  нэгж байгууллагад ногдуулжээ.
Дээрх  хуулийн  заалтаар  аж  ахуйн  нэгж  байгууллагад  үүрэг  ногдуулсан  хэдий  ч  үүргээ хэрэгжүүлээгүй  бол  ямар  хариуцлага  ногдуулах  тухай  зохицуулалт  байхгүй  байгаа  нь хуулийн хэрэгжилтэнд сөргөөр нөлөөлөх юм. 


Санал:  

 

Хуулийн  хэрэгжилтийг  хангахын  тулд  албадлагын  механизм  буюу  үүргээ биелүүлээгүй  болон  хориглосон  зохицуулалтыг  зөрчсөн  үед  хариуцлага  ногдуулах зохицуулалтыг  хуульд  нэмж  тусгах  шаардлагатай  байна.  Уг  хуулийн26  дугаар  зүйлд  хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон бөгөөд уг зүйлд7 дугаар зүйлийн 7.1.3-д  заасан  үүргээ  биелүүлээгүй  аж  ахуйн  нэгжид  ногдуулах  хариуцлагыг  хуульчилж  өгөх шаардлагатай.

 

•  Агаарын  тухай  хуулийн11  дүгээр  зүйлийн11.3. “Шаардлагатай  тохиолдолд  төрийн захиргааны  төв  байгууллага  нь  дангаараа,  эсхүл  холбогдох  төрийн  захиргааны байгууллагатай  хамтран  агаарын  бохирдлыг  бууруулах,  хянах  чиглэлээр  бусад стандартыг боловсруулж батлуулна” 


Энэхүү  зүйл  заалтад  “Шаардлагатай  тохиолдолд”  гэдэг  нь  хэт  ерөнхий  зохицуулалт болсон  байна.  “Шаардлагатай  тохиолдолд”  гэдэгт  ямар  тохиолдлууд  хамаарахыг  хуулийн нэр  томъёоны  хэсэгт  тайлбар  оруулах  шаардлагатай  байна.  Төрийн  захиргааны  төв байгууллага  онцгой  нөхцөл  байдал  үүссэн  хэдий“Шаардлагатай  тохиолдол”  гэж  үзэхгүй  бол стандарт  боловсруулахгүй  байх  боломжтой  бөгөөд  ингэсэн  тохиолдолд  ямар  нэгэн хариуцлага тооцох боломжгүй болж байгаа юм. 


Санал:  

 

Төрийн  захиргааны  төв  байгууллага  зайлшгүй  батлах  шаардлагатай стандартын  жагсаалтыг  судалгааны  үндсэн  дээр  жил  бүр  гаргах,  үүний  дагуу  стандарт гаргахаар хуульчилах нь зүйтэй гэж үзэж байна. 


•  Агаарын  тухай  хуулийн12  дугаар  зүйлийн12.4.“Агаарын  чанарыг  сайжруулах  бүсэд хамаарах  газар  нутгийн  хэмжээнд  аливаа  бохирдуулах  бодисын  хамгийн  их агууламж нь агаарын чанарын стандартаас хэтрэхгүй байвал зохино”


Энэхүү  заалт  нь  аливаа  бохирдуулах  бодисын  хамгийн  их  агууламж  нь  агаарын чанарын  стандартаас  хэтэрсэн  тохиолдолд  хэн,  ямар  шийдвэрийн  дагуу  хариуцлага  тооцох тухай зохицуулалтыг бий болгоогүй байна. 


Санал:  

 

Аливаа  бохирдуулах  бодисын  хамгийн  их  агууламж  нь  агаарын  чанарын стандартаас  хэтэрсэн  тохиолдолд  хэн,  ямар  шийдвэрийн  дагуу  хариуцлага  тооцох  зэрэг асуудлыг хуульчлан оруулах зүйтэй гэж үзэж байна. 


•  Агаарын  тухай  хуулийн13  дугаар  зүйл. “Аж  ахуйн  нэгж,  байгууллага,  иргэн  агаарын бохирдлын  томоохон  суурин  эх  үүсвэр ашиглаж  үйлдвэрлэл,  үйлчилгээ  эрхлэхдээ мэргэжлийн  албаар  дүгнэлт  гаргуулан  сум,  дүүргийн  Засаг  даргаас  зөвшөөрөл авна” гэж заажээ. 


Харин  Аж  ахуйн  үйл  ажиллагааны  тусгай  зөвшөөрлийн  тухай  хуулийн 16  дугаар зүйлийн 16.3.1  дэх  заалтад “Агаарт  бохирдуулах  бодис  гаргадаг,  физикийн  хортой нөлөөлөл  үзүүлдэг  үйлдвэрлэл  эрхлэх,  суурин  эх  үүсвэр  ашиглахдаа  сум,  дүүргийн  Засаг даргаас  зөвшөөрөл  авна”  гэж  заасан  байна.  Агаарын  тухай  хуулиар  зөвхөн “Томоохон суурин  эх  үүсвэр”  ашиглахад  тусгай  зөвшөөрөл  авах  шаардлагатай  бол  Аж  ахуйн  үйл ажиллагааны  тусгай  зөвшөөрлийн  тухай  хуулийн  дагуу  агаарт  бохирдуулах  бодис  гаргаж, физикийн  хортой  нөлөөлөл  үзүүлж  байгаа  бол  ямар  ч  ялгамжгүйгээр  бүгд  тусгай  зөвшөөрөл авахаар  заасан  нь  илүү  өргөн  хүрээг  хамарч  байх  тул  эдгээр  заалтууд  зөрчилдөх  үндэслэл болж байна. 

 

Санал:  

 

Агаарын  тухай  хуулийн  13  дугаар  зүйлд  “Энэхүү 5  дугаар  зүйлийн 5.1.8-д зааснаас  бусад  тохиолдолд  аж  ахуйн  нэгж,  байгууллага,  иргэн  агаарын  бохирдлын томоохон  суурин  эх  үүсвэр ашиглаж  үйлдвэрлэл,  үйлчилгээ  эрхлэхдээ  мэргэжлийн  албаар дүгнэлт  гаргуулан  сум,  дүүргийн  Засаг  даргаас  зөвшөөрөл  авна”  гэж  оруулах,  Мөн  Аж ахуйн  үйл  ажиллагааны  тусгай  зөвшөөрлийн  тухай  хуулийн 16  дугаар  зүйлийн 16.3.1  дэх заалтад  Агаарын  тухай  хуулийн5  дугаар  зүйлийн5.1.8-д  зааснаас  бусад  тохиолдолд  агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх, суурин эх  үүсвэр  ашиглахдаа  сум,  дүүргийн  Засаг  даргаас  зөвшөөрөл  авна”  гэж  нэмж  оруулбал тодорхой болох юм. 


•  Агаарын  тухай  хуулийн13 дугаар  зүйлийн13.3-т  “  Агаарын  тухай  хуулийн13 дугаар зүйлийн 13.2-т заасан  бохирдуулах  бодисын  зөвшөөрөгдөх  хаягдлын  хэмжээг тогтоох  журмыг  төрийн  захиргааны  төв  байгууллага  батална”  гэж  заасан  байхад тус  хуулийн5 дугаар  зүйлийн5.1.8 дахь  заалтанд“Суурин  эх  үүсвэрээс  агаарт  гаргах зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтооно” гэж зөрчилдсөн байна. 


Өөрөөр  хэлбэл  Агаарын  тухай  хуулийн13  дугаар  зүйлийн13.3  дахь  хэсэгт  хаягдлын хэмжээг  хэрхэн,  ямар  аргачлалаар,  яаж  тогтоох  арга  механизмыг  журамлах  зохицуулалт  гэж ойлгогдохоор  хуульчилсан  байхад  мөн  хуулийн 5  дугаар  зүйлийн 5.1.8  дахь  заалтанд “Хаягдлын  хэмжээг  тогтооно”  гэж  заасан  нь  зөрчилдсөн  байна.  “Хэмжээг  тогтоох”,  “Хэмжээ тогтоох журмыг тогтоох” гэдэг нь ялгаатай ойлголт юм. 

 

Санал:  

 

Агаарын  тухай  хуулийн5  дугаар  зүйлийн5.1.8.  “Суурин  эх  үүсвэрээс  агаарт гаргах  зөвшөөрөгдөх  хаягдлын  хэмжээг  тогтооно”  гэснийг  “Суурин  эх  үүсвэрээс  агаарт гаргах зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох журмыг тогтооно” гэж өөрчлөх нь зүйтэй гэж  үзэж  байна.  Эсхүл  зөвшөөрөгдөх  хаягдлыг,  мөн  зөвшөөрөгдөх  хаягдлын  хэмжээг  тогтоох журам  хоёуланг  Байгаль  орчны  асуудал  эрхлэсэн  төрийн  захиргааны  төв  байгууллага тогтоох бол үүнийг ялгааг тодруулан хуульчлах нь зүйтэй. 


•  Агаарын  тухай  хуулийн 14  дугаар  зүйлийн 14.1.  Агаар  дахь  бохирдуулах  бодисын агууламж,  физикийн  сөрөг  нөлөөллийн  түвшин  нэмэгдэж,  стандартад  заасан  хүлцэх хэм  хэмжээнээс  хэтэрсэн  нь  хүн  амын  эрүүл  мэнд,  хүрээлэн  байгаа  орчинд  аюул учруулахаар  болсон  бол  тухайн  иргэн,  аж  ахуйн  нэгж,  байгууллагын  удирдлага, мэргэжлийн  алба  энэ  тухай  аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Засаг  дарга,  хүн  амд шуурхай  мэдэгдэнэ”,  мөн  зүйлийн 14  дүгээр  зүйлийн 14.2-д  “Агаарын  бохирдол, физикийн  сөрөг  нөлөөлөл  нэмэгдсэн  шалтгааныг  тогтоох,  хохирлыг  арилгах  арга хэмжээг  аж  ахуйн  нэгж,  байгууллагын  удирдлага,  мэргэжлийн  алба,  бүх  шатны Засаг дарга, холбогдох эрүүл ахуйн болон бусад байгууллага хамтран яаралтай авч хэрэгжүүлнэ”  15  дугаар  зүйлийн15.1-  д“Аж  ахуйн  нэгж,  байгууллага,  иргэн  байгаль цаг уурын нөхцөлөөс  шалтгаалан агаарын  бохирдол  ихсэж болзошгүй тухай  мэдээг мэргэжлийн  албанаас  хүлээн  авмагц  өөрийн  эзэмшлийн  агаарын  бохирдлын томоохон  суурин  эх  үүсвэрээс  агаарт  гаргах  бохирдуулах  бодис,  үзүүлэх  физикийн сөрөг  нөлөөллөө  багасгах  талаар  дээр  дурдсан  арга  хэмжээг  авч  хэрэгжүүлнэ”  гэж тус тус зохицуулан заасан байна.  

 

Гэвч  ийнхүү  мэдэгдээгүй  тохиолдолд  хүлээлгэх  хариуцлагыг  хуульчлаагүй  тул  энэхүү зохицуулалт нь хэрэгжихэд хүндрэлтэй юм. 

 

Санал:  

 

Агаарын  тухай  хуулийн  хэрэгжилтийг  хангахын  тулд  албадлагын  механизм буюу  үүргээ  биелүүлээгүй  болон  хориглосон  зохицуулалтыг  зөрчсөн  үед  хариуцлага ногдуулах  зохицуулалтыг  хуульд  нэмж  тусгах  шаардлагатай  байна.  Уг  хуулийн 26  дугаар зүйлд  хууль  тогтоомж  зөрчигчдөд  хүлээлгэх  хариуцлагыг  тодорхойлсон  бөгөөд  уг  зүйлд14  дугаар  зүйлийн14, 15 дугаар  зүйлд  заасан  үүргээ  биелүүлээгүй  Засга  дарга  болон  аж  ахуйн нэгжид  авах хариуцлагыг хуульчилж өгөх шаардлагатай. 


•  Агаарын  тухай  хуулийн 15  дугаар  зүйлийн 15.4  “Агаар  бохирдуулах  бодисын хаягдлын  стандарт,  физикийн  сөрөг  нөлөөллийн  зөвшөөрөгдөх  дээд  хэмжээ, зөвшөөрөлд  заасан  нөхцөл,  шаардлагыг  удаа  дараа  зөрчсөн  аж  ахуйн  нэгж, байгууллагын  үйл  ажиллагааг  зогсоох  буюу  үйлдвэрлэлийн  чиглэлийг  нь  өөрчлөх саналыг  байгаль  орчны  болон  эрүүл  ахуйн  улсын  байцаагч  зөвшөөрөл  олгосон  эрх бүхий  байгууллагад  тавих  бөгөөд  уг  саналыг  эрх  бүхий  байгууллага 30  хоногийн дотор хянан шийдвэрлэнэ” 

 

Уг  заалтын  утга  нь  зөвхөн  тусгай  зөвшөөрөл  эзэмшигчид  хамааралтай  зохицуулалт болсон  байна.  Аж  ахуйн  үйл  ажиллагааны  тусгай  зөвшөөрлийн  тухай  хуульд  “Тусгай зөвшөөрлийг зогсоох”  гэсэн  ойлголт  байхгүй  бөгөөд хуульд  заасны дагуу  тусгай  зөвшөөрөлд заасан  нөхцөл,  шаардлагыг  зөрчсөн  тохиолдолд  “Тусгай  зөвшөөрлийг  түдгэлзүүлнэ”,  харин удаа  дараа  зөрчсөн  бол  “Тусгай зөвшөөрлийг  хүчингүй  болгодог”.  Мөн  “Үйлдвэрлэлийн чиглэлийг  нь  өөрчлөх”  гэсэн  хуулийн  зохицуулалт  тус  хуульд  байхгүй.  Аж  ахуйн  үйл ажиллагааны  тусгай  зөвшөөрлийн  тухай  хуульд  бусад  тусгай  зөвшөөрөл  олгох  асуудлыг зохицуулж  байгаа  бусад  хууль  нийцсэн  байх  ёстой.  Өөрөөр  хэлбэл:  Агаарын  тухай  хуульд “Тусгай  зөвшөөрлийг зогсоох,  үйлдвэрлэлийн чиглэлийг нь өөрчлөх” гэж заасан нь  Аж  ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн байна. 

 

Санал:  

 

Эдгээр  хоёр  хуулийн  хариуцлага  тусгай  зөвшөөрөл  эзэмшигчид  хамаарч байгаа  тул  зөрчилдсөн  зүйл  заалтыг  өөрчилж  Тусгай  зөвшөөрлийн  тухай  хуульд  заасан хариуцлагыг оногдуулахаар зохицуулах нь зүйтэй гэж үзэж байна. 


•  Агаарын  тухай  хуулийн 15  дугаар  зүйлийн 15.3  дахь  хэсэгт “  Зориулалтын  бус газарт  хог  хаягдал  хаях,  ил  задгай  шатаах  болон  хог  хаягдал  устгах  стандартын шаардлага  хангаагүй  аливаа  үйл  ажиллагааг  хориглоно”  гэж  заасан  нь  Ариун цэврийн тухай хуулийн зохицуулалттай давхардуулсан байна. 


•  Агаарын  тухай  хуулийн 16  дугаар  зүйлийн 16.1  “Үйлдвэрлэл,  үйлчилгээний  болон бусад зориулалттай барилга байгууламжийн байршлыг сонгох, зураг төсөл зохиох, барих,  өргөтгөл,  шинэчлэл,  засварын  ажил  гүйцэтгэх,  ашиглалтад  оруулах, технологи,  тоног  төхөөрөмж  суурилуулах,  тэдгээрийг  өөрчлөх,  шинэчлэхэд агаарын  чанарын  стандарт  болон  физикийн  сөрөг  нөлөөллийн  стандартыг үндэслэнэ”


Энэхүү  зохицуулалт  ямар  нэг  хууль  зүйн  үр  дагавар  үүсгэхгүй  байна.  Хэрэв  дээр дурдсан  стандартад  үндэслээгүй  барилга  байгууламжийн  байршлыг  сонгосон,  зураг  төсөл зохиосон,  барьсан  гэх  мэт  хуульд  заасан  үйлдлүүд  хийсэн  бол  ямар  хууль  зүйн  үр  дагавар үүсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл:  Уг барилга байгууламжийг барих ажлыг зогсоох гэх  мэт  уг  хуулийн  хэрэгжилтийг  хангах  дараагийн  арга  хэмжээ  хуульд  тусгагдсан  байх шаардлагатай.  Иймд  уг  зохицуулалтыг  цаашид  хэрэгжих  механизмыг  тодорхой  болгох шаардлагатай  байна.  Тус  хуулийн 26  дугаар  зүйлийн 26.1.3  дахь  заалтанд  “...агаарыг хамгаалах  шаардлага  хангаагүй  барилга  байгууламж,  тоног  төхөөрөмжийг  ашиглалтад оруулсан,  техник,  технологи  нэвтрүүлсэн  иргэнийг  хөдөлмөрийн  хөлсний  доод  хэмжээг дөрвөөс  тав  дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээний  төгрөгөөр,  аж  ахуйн  нэгж, байгууллагыг  наймаас  ес  дахин  нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээний  төгрөгөөр  торгох”-оор  санкц  ногдуулсан  нь  хууль  зөрчсөн  тохиолдолд  зөвхөн 700000-1300000  төгрөгөөр торгохоор  байгаа  нь  уг  хориглосон  зохицуулалт  ач  холбогдолгүй  болж  байна.  Нэгэнт  уг стандартын  дагуу  зураг  төслөө  хийгээгүй,  барилга  байгууламж  барьсаны  дараа  хариуцлага тооцох заалт байгаа юм. 

 

Санал:

 

Үйлдвэрлэл, үйлчилгээний болон бусад зориулалттай барилга байгууламжийн байршлыг  сонгох,  зураг  төсөл  зохиох,  барих,  өргөтгөл,  шинэчлэл,  засварын  ажил  гүйцэтгэх, ашиглалтад  оруулах,  технологи,  тоног  төхөөрөмж  суурилуулах,  тэдгээрийг  өөрчлөх, шинэчлэхэд  агаарын  чанарын  стандарт  болон  физикийн  сөрөг  нөлөөллийн  стандартыг үндэслэх  бөгөөд  стандартын  дагуу  хийгдээгүй  зураг  төсөлд  барилгын  ажил  эрхлэх зөвшөөрөл  олгохгүй,  мөн  барилгын  ажил  эхэлсэн  тохиолдолд  барилгын  ажлыг  зогсоох хүртэлх арга хэмжээ авахаар хуульчлах нь зүйтэй. 


Мөн  дээрхи  хуулийн  зохицуулалтуудыг  барилгын  асуудлыг  зохицуулсан  хууль  болох Барилгын  тухай  хуультай  уялдуулж  дээрхи  бүх  тавигдах  шаардлагуудыг  тус  хуульд  нэмж тусгах шаардлагатай гэж үзэж байна. 


•  Агаарын  тухай  хуулийн 16  дугаар  зүйлийн 16.3-т  “Агаарт  онцгой  хортойгоор нөлөөлж  болзошгүй  үйлдвэрлэл,  үйлчилгээний  зориулалттай  барилга  байгууламж барих  асуудлыг  зохих  шатны  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  санал,  байгаль орчинд  нөлөөлөх  байдлын  үнэлгээний  дүгнэлтийг  үндэслэн  барилгын  асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ”


“Агаарт  онцгой  хортойгоор  нөлөөлж  болзошгүй  үйлдвэрлэл  үйлчилгээний зориулалт  бүхий  барилга  байгууламж”  гэдэгт  нь  ямар  үйлдвэрлэл  үйлчилгээний  барилга байгууламж хамаарах нь тодорхойгүй байгаа энэхүү заалт хэрэгжихэд хүндрэлтэй юм. 


Санал:   Хуулийн  нэр  томъёоны  хэсэгт  “Агаарт  онцгой  хортойгоор  нөлөөлж болзошгүй үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий  барилга байгууламж”  гэснийг хэрхэн ойлгох  талаар  тайлбар  хийх  нь  зүйтэй  байна.  Эсхүл  шалгуурыг  хуульчилж  өгөх шаардлагатай гэж үзэж байна.  


•  Агаарын  тухай  хуулийн16  дугаар  зүйлийн16.4.  “Суурин  газрын  агаарыг  хамгаалах зорилгоор  үйлдвэрлэл,  үйлчилгээний  зориулалттай  барилга  байгууламжид  ариун цэврийн  хамгаалалтын  бүс  тогтоож  хүн  амын  суурьшлын  бүсээс  зааглах  бөгөөд  уг бүсийн  хэмжээг  үйлдвэрлэл,  үйлчилгээний  салбар,  төрөл  бүрээр  тогтоосон жагсаалтыг  эрүүл  мэндийн  асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны  төв  байгууллага батална” 


Уг жагсаалт одоогоор батлагдаагүй байна. 


Санал:  

 

Уг  жагсаалтыг  батлах  шаардлагатай.  Гэхдээ  энэхүү  журамд  одоогийн  хотын барилга  байгууламж  баригдсан  нөхцөл  байдлыг  харгалзан  үзэж  тухайн  барилга байгууламжид  тохируулан  тогтоохгүй  бол  нэгэнт  баригдаж  байгаа  барилга  байгууламжийг өөрчлөхөд хүндрэл учирч болзошгүй юм. 


•  Агаарын  тухай  хуулийн 20  дугаар  зүйлийн 20.1.  “Озон  задалдаг  бодис,  түүнийг агуулсан  тоног  төхөөрөмжийн  жагсаалт  болон  тэдгээрийг  импортлох,  худалдах,  ашиглах тусгай зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална”


Тусгай  зөвшөөрөл  олгох  харилцааг  зөвхөн  Аж  ахуйн  үйл  ажиллагааны  тусгай зөвшөөрлийн  болон  бусад  хуулиар  зохицуулдаг.  Аж  ахуйн  үйл  ажиллагааны  тусгай зөвшөөлийн  тухай  хуулийн 1  дүгээр  зүйлийн 1.1.  “Энэ  хуулийн  зорилт  нь  нийтийн  ашиг сонирхол,  хүний  эрүүл  мэнд,  хүрээлэн  байгаа  орчин,  улс  орны  аюулгүй  байдалд  хохирол учруулж  болзошгүй,  тодорхой  нөхцөл,  нарийн  мэргэжил  шаардах  аж  ахуйн  зарим  үйл ажиллагааг  эрхлэхэд  тусгай  зөвшөөрөл  олгох,  түдгэлзүүлэх,  хүчингүй  болгохтой холбоотой  харилцааг  зохицуулахад  оршино”  гэж  заасан  байх  бөгөөд  тусгай  зөвшөөрөл олгох асуудлыг уг хуулиар зохицуулах эрх зүйн үндэслэл бий болж байгаа юм.  Гэтэл “Тусгай зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нь хууль зөрчсөн байна. 

 

Санал:  

 

Озон  задалдаг  бодис,  түүнийг  агуулсан  тоног  төхөөрөмжийн  жагсаалт  болон тэдгээрийг  импортлох,  худалдах,  ашиглах  тусгай  зөвшөөрлийг  Тусгай  зөвшөөрлийн  тухай хуулийн дагуу олгохоор заах нь эрх зүйн зохицуулалтын хувьд тохиромжтой байна. 


•  Агаарын  тухай хуулийн20 дугаар зүйлийн20.5.“Озон задалдаг бодисыг юүлэх, дахин боловсруулах,  тоног  төхөөрөмжийг  дахин  цэнэглэх  зөвшөөрлийг  төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж заасан байна. 


Харин  Аж  ахуйн  үйл  ажиллагааны  тусгай  зөвшөөрлийн  тухай  хуулийн 15  дугаар зүйлийн 15.6.1.  “Озон  задалдаг  бодис,  түүнийг  агуулсан  бүтээгдэхүүнийг  импортлох, худалдах,  ашиглах”  зөвшөөрөл  гэж  заасан  нь  зөвшөөрөл  олгох  үйл  ажиллагааны  хувьд өөрөөр журамласан зөрчилтэй байна. 


Санал:

 

Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны нэр томьёог адилтгаж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэх шаардлагатай байна.

 
•  Агаарын  тухай  хуулийн 17  дугаар  зүйл. “Эрх  бүхий  байгууллага,  албан  тушаалтан нь  хот,  тосгон,  бусад  суурин  газрын  байршил,  хөгжлийн  ерөнхий  төлөвлөгөөг боловсруулахдаа  агаарын  төлөв  байдалд  гарч  болох  өөрчлөлт,  болзошгүй  сөрөг нөлөөллийг  харгалзана,  төлөвлөгөөг  төрийн  захиргааны  төв  байгууллагаар хянуулан зөвшөөрөл авна” 


Санал:  

 

Энэхүү  заалтыг  бүрэн  хэрэгжүүлэхийн  тулд  Газрын  тухай  хуульд  хотын хөгжлийн  ерөнхий  төлөвлөгөөний  үе  шатны  төсөл,  газар  зохион  байгуулалтын  ерөнхий болон  тухайн  жилийн  төлөвлөгөөг  боловсруулахдаа  холбогдох  төрийн  захиргааны  төв байгуулгаар  хянуулан  зөвшөөрөл  авна  гэсэн  зохицуулалтыг  нэмж  тусгах  шаардлагатай байна. 


•  Агаарын  тухай  хуулийн18  дугаар  зүйлийн18.1.  “Аж  ахуйн  нэгж,  байгууллага,  иргэн нь  агаарын  бохирдлын  томоохон  суурин  эх  үүсвэр  ашиглан  үйлдвэрлэл,  үйлчилгээ эрхлэхдээ  эх  үүсвэр  нэг  бүрээ  хянах  дотоод  хяналтын  багаж  хэрэгсэл  болон  агаар бохирдуулах  бодисыг  саармагжуулах,  цэвэрлэх,  физикийн  сөрөг  нөлөөллийг бууруулах тоног төхөөрөмжөөр тоноглоно” 


Энэхүү  зохицуулалт  нь  зохицуулалт  тус  хуулийн 7  дугаар  зүйлийн 7.1.3  дахь заалттай давхардсан  утгатай  байх  бөгөөд  уг  төхөөрөмжөөр  тоноглоогүй  буюу  хуулийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тусгаагүй байна. 


Мөн  “Агаар  бохирдуулах  бодисыг  саармагжуулах,  цэвэрлэх,  физикийн  сөрөг нөлөөллийг  бууруулах  тоног  төхөөрөмж”  гэдэгт  ямар  тоног  төхөөрөмж  хамаарах  талаар хуульд  тодорхойлолт  нэмж  тусгах  шаардлагатай  байна.  Агаарын  бохирдлын  томоохон суурин  эх  үүсвэрийг  багаж  хэрэгсэл,  тоног  төхөөрөмжөөр  тоноглох,  тэдгээрийн  ашиглалтын
байдалд  тухайн  салбарыг  харьяалах  төрийн  захиргааны  төв  байгууллага,  сум,  дүүргийн Засаг  дарга,  байгаль  орчны  улсын  байцаагч  хяналт  тавина  гэж  хяналтын  чиг  үүргийг  дээрхи 3 байгууллага, албан тушаалтанд давхардуулан хуульчилсан байна. 


Санал:

 

 Агаарын  бохирдлын  томоохон  суурин  эх  үүсвэр  ашиглан  үйлдвэрлэл үйлчилгээ  эрхлэхдээ  эх  үүсвэр нэг бүрээ хянах дотоод хяналтын багаж хэрэгсэл болон агаар бохирдуулах  бодисыг  саармагжуулах,  цэвэрлэх,  физикийн  сөрөг  нөлөөллийг  бууруулахад зайлшгүй  шаардлага  бүхий  тоног  төхөөрөмжийн  жагсаалтийг  журмаар  батлах  шаардлага зүй ёсоор  гарч  байна. Эсхүл  уг  тоног  төхөөрмж нь агаарыг ямар  хэмжээгээр бууруулах  хүчин чадал  бүхий  тоног  төхөөрөмж  байх  талаарх  шалгуур  үзүүлэлтийг  тодорхойлох шаардлагатай. 


•  Агаарын  тухай  хуулийн 24  дүгээр  зүйлийн 24.1.  “Агаарын  бохирдлын  томоохон суурин  эх  үүсвэрээс  агаарт  бохирдуулах  бодисыг  бохирдуулах  бодисын  хаягдлын стандартад  заасан  хэмжээнээс  хэтрүүлэн  гаргасан  тохиолдолд  мэргэжлийн байгууллагын  дүгнэлтийг  үндэслэн  байгаль  орчны  байцаагч,  холбогдох  сум, дүүргийн  Засаг  дарга  учирсан  хохирлыг  арилгуулж,  хохирлын  хэмжээг  гурав  дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх  хэмжээгээр  агаарын  бохирдлын  нөхөн  төлбөр  ногдуулан, төлөлтөд нь хяналт тавина” 


Өөрөөр  хэлбэл  торгуулийн  хэмжээ  нь  хохирлын  хэмжээгээр  үнэлэгдэж  байна.  Энэ тохиолдолд  учирсан  хохирлыг  хэрхэн  тооцох  талаар  маргаантай  асуудал  үүсэж  болох  юм. 
Хохирлыг  тооцох  нэгдсэн  жишиг,  арга  зүйг  батлан  гаргахгүй  бол  агаарын  бохирдлоос  бий болсон хохирлыг өөр өөрөөр тогтоож, шударга бус байдал бий болж болзошгүй байна. 

 

Санал:

 

 Уг  хуулийн  хариуцлагыг  хохирлын  хэмжээнээс  үл  хамааран  тогтоосон тодорхой  үнийн  дүнгээр  тооцох,  эсхүл  агаар  бохирдуулснаас  байгаль  орчинд  учирсан хохирлыг  хэрхэн  тооцох,  хэрхэн  арилгуулах  талаарх  журам  стандартыг  батлан  мөрдүүлэх шаардлагатай.


Facebook Twitter YouTube