Мэдээ, мэдээлэл

САЙЖРУУЛСАН ТҮЛШ ТҮЛСНЭЭР АГААР ДАХЬ НАРИЙН, БҮДҮҮН ШИРХЭГТ ТООСОНЦОР /РМ2,5, РМ10/ 50 ХУВИАР БУУРСАН

Нийтлэгдсэн огноо: 2021/08/03

       Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Таван толгой түлш” ХХК-ийн Налайх дүүрэг дэх зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай Орчны бохирдлыг бууруулах Үндэсний Хорооны Ажлын албаныхан газар дээр нь очиж танилцлаа.

     Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Түүхийн нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Таван толгой түлш ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Мөн 2020 оны 1 дүгээр сарын 29-нд “Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай” 35 дугаар тогтоол гарч тухайн оны 4 дүгээр сарын 9-ний өдөр уг Зүүн бүсийн үйлдвэрийн шав тавигдаж  8 сарын хугацаанд буюу  12 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотыг сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангах хэмжээний үйлдвэрийн нээлтийг хийж байсан.

     Ингэснээр тоос ихтэй, уугилт ихтэй, чийг ихтэй, түргэн шатдаг, үйрмэг бутархай ихтэй түүхий нүүрсийг үйлдвэрийн аргаар боловсруулан сайжруулсан түлшээр гэр хорооллыг айл өрхүүдийг хангаж чадсан. Сайжруулсан түлш түлснээр агаар дахь нарийн, бүдүүн ширхэгт тоосонцор /РМ2,5, РМ10/ 50 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд ОХУ, БНСУ, Япон, БНХАУ-ын мэргэжлийн лабораториудаар хэмжилт хийлгэхэд дээрх үр дүнтэй санал нэгдэж байгаа юм.

    Энэ үеэр Таван толгой түлш ХХК-ийн Ерөнхий захирал М.Ганбаатар хэлэхдээ Зүүн бүсийн үйлдвэр ашиглалтад орсноор гарсан нэг томоохон дагалдах үр өгөөж нь шинээр 1000 гаруй ажлын байр бий болсон явдал юм. Өнөөдрийн байдлаар нийт 12000 хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд үүнээс 3800 орчим нь үйлдвэрийн ажилтнууд, бусад нь тээвэрчид, савлагчид, борлуулалтын ажилтнууд байна. Мөн нийлүүлэгч болон хамтрагч байгууллагууд, туслан гүйцэтгэгч байгууллагуудын ажилтнууд нэмэгдээд нийт 40000 гаруй хүний, цаашлаад 40000 гаруй өрхийн аж амьдралд дэм болж, тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаадаа баяртай байна. Сайжруулсан шахмал түлшийг  бутлах, шигших, угаах, холих, хэвлэх, хатаах гэсэн 6 үе шаттайгаар боловсруулан гарган авч  долоо хоног бүр МХЕГ-ын  лабораторид дээж өгч шинжлүүлэн, дүгнэлт гаргуулдаг байна.

    Засгийн газрын шийдвэр гарч, сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувиар бууруулан, нэг шуудай тутмын үнэ 940 төгрөг болсноор өдөрт 2500-3500 тонн түлш борлуулдаг байсан бол 6000 тонн болтлоо өссөн. Түүнтэй холбоотойгоор Таван толгой түлш ХХК нь дүүрэг бүрт савлагаа болон борлуулалтын цэгүүдийг нэмж байгуулан хэрэглэгчдэд илүү ойртсон үйлчилгээ үзүүлсээр ирсэн.

     Гэр хорооллын айл өрх, ард иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлснээр угаарын хийн хордлогод өртөх эрсдэл бий болсон бөгөөд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Таван толгой түлш ХХК-ийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Цагдаагийн ерөнхий газар болон телевизүүд, вэб сайтууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран шуурхай ажиллаж ард иргэдийг угаарын хийн хордлогын эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар  өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн бөгөөд "Яндангаа хөөлье" аяныг амжилттай өрнүүлсэн.

       Мөн гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор угаарын хийн мэдрэгчийг айл өрхүүдийг суурилуулж эхлээд байна.Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тус компанийн баруун бүсийн үйлдвэр 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шахмал түлш нөөцлөх ажилдаа орсон байна.

                                                        ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ

                                                                         ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Facebook Twitter YouTube