Мэдээ, мэдээлэл

Англи улсын агаарын бохирдлоо арилгасан туршлага

Нийтлэгдсэн огноо: 2014/10/01

Лондон 1950-иад онд аж үйлдвэрийн хот байлаа,  хүн ам шигүү сууршиж, цахилгаан станц, уурын зуух, томоохон үйлдвэрүүд цөм хотын төвдөө байрласан,  англичуудын  уламжлалт хэрэглээ болсон ил зуухыг айл өрхүүд нь хэрэглэж,  өндөр “настай” тээврийн хэрэгслээр зорчсон.  Эдгээр нь бүгд утааг уугиулна. Хүн ам, аж үйлдвэрийг даган ирсэн дээрх зүйлс эдийн засагт өсөлтийг авчирсан ч хамгийн эрхэм эрүүл агаарыг хулгайлсаар байлаа.

 

Хотын утаа жил ирэх тусам ихэссээр. Удалгүй хоолой хорсгон, үзэгдэх орчиныг хязгаарлаж эхэлсэн байна.  Иргэд ч дэмий л санаа зовнин, төр засгаа буруутгахаас цаашгүй. Харин шийдвэр гаргагчид “хийж байгаа хэмээн ярихаас  хэтэрсэнгүй.  Нэг ийм янзтай нэлээд хэдэн жилийг үдсээр, 1956 оны өвөлтэй золгожээ. Жавар тачигнасан 12-дугаар  сараас эхлэн иргэд олноор өвдөж, тав хоногийн дотор нийтдээ 800 гаруй хүн унтаж буйдаа нас барлаа. Үүнээс  2 сарын дараа  энэ тоо 4000 болж өөрчлөгдсөн байна.  Нас, хүйс адилгүй энэ хүмүүс цөм амьсгалын замын өвчлөл буюу утаанд хордож таалал төгссөн юм.

 

 

Энэ харамсалтай явдал Лондон төдийгүй дэлхий нийтийг цочроож, үнэгүй мөртлөө амин чухал агаарыг гэгчийг хайрлах, 20 зуунд бий болсон аж үйлдвэрлэл, хотжилтын тухай дахин эргэцүүлэн бодоход хүргэсэн байна. Айл өрхүүд байшингийнхаа нүх сүв болгоныг бөглөн, сургууль, цэцэрлэг нийтийн тээврийн үйлчилгээ зогслоо. Иргэд ч гадаа  гарахаас болгоомжилж, айдас хүйдэс тэднийг бүрхлээ. Олон нийт бүх бурууг төр засагт тохож, нэн даруй утааг бууруулахыг шаардана. Ингээд Лондон хотын захиргаа утаатай “дайтахаар” шийдсэн байна. Хамгийн түрүүнд агаарын бохирдлын эх сурвалжийг нарийвчлан тогтоох ажилд орлоо. Судлаад үзсэн санаанд оромгүй дүгнэлт гарсан байна. Энэ бол англичуудын бага хэмжээний тортогийг  ч юман чинээ боддоггүй хэнэггүй зан, амиа бодсон үзэл агаарын бохирдлын тэн хагасыг үйлдвэрлэсэн нь тогтоогджээ. Үлдсэн хувь нь  шийдвэр гаргагчидын төлөвлөлтгүй цэгцгүй бодлоготой холбоотой хэмээн судлаачид мэдэгдсэн байна. Ингээд энэ бүхнээс сургамж авч, ард түмнээсээ шүүмжлэл сонссон Английн засгийн газар  “Цэвэр агаарын хуулийг батлан, хэрэгжилтэнд нь хатуу хяналтыг тавьлаа. Энэ хууль нь бүхэлдээ түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах зорилготой байлаа. Тэр дундаа айл өрхийн. Нүүрсгүй өвөлжинө гэдэг хөнжил нөмрөлгүй унтахтай адил хэмээн иргэд эсэргүүцэж байсан ч   хотын захиргаа   “Т марк” хэмээх утаагүй түлшийг санал болгосон байна. Хот доторх үйлдвэрүүдийг хүн ам багатай хот тосгод руу шилжүүллээ. Үүнээс нэг жилийн дараа агаарын бохирдол мэдэгдэхүйц буурчээ.

 

 

Ингэж  амьсгалах агаарын “бие нь” тэнхрэхтэй зэрэгцээд иргэдийн айдас хүйдэс ч сарнилаа. Төр засгийн шийдвэртэй, мэргэн бодлого иргэдийн талархалыг хүлээж,  тэд ч утаа гаргагч бүхнээс татгалзаж эхэлсэн байна. Зарим эх сурвалжид дурдсанаар иргэд амины автомашинаа нийтийн тээврээр солиж,   унадаг дугуйг илүүд үзэх болсон гэдэг.

 

 

“Хэн утаа арилгасан юм вэ  гэсэн BBC телевизийн алдарт сэтгүүлч Barbara Walter-ийн асуултанд Лондоны хотын дарга асан Richard Haddon   “Би зүгээр л үзгийг бариулсан, иргэд маань энэ бүх түүхийг бичсэн юм хэмээн хариулсан байдаг.  Ингэж англи хүн бүрийн ой тоонд  утааны эсрэг үзэл нэвт шингэсэн бөгөөд түүнтэй тэмцэх бодлого одоо хүртэл үргэлжилсээр байгаа юм. Үүний тод жишээ бол 2012 онд Англи улс сэргээгдэх нөөцөөр эрчим хүч гаргаж буйгаа зарлалаа. Энэ бол мод юм. Өөрөөр хэлбэл англичууд модноос эрчим хүч гаргаж авахаар зэхэж байна. Ингэж нүүрсний станцыг био станц болгож байгаа юм.

Facebook Twitter YouTube